Хэн хэн дахин амилах вэ?
«Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» (ИОХАН 5:28, 29).
1. Гал дүрэлзэж байсан бутны дэргэд Мосе ямар гайхамшигтай үг сонссон бэ? Энэ үгийг хожим хэн сануулсан бэ?
ГУРВАН МЯНГА таван зуу гаруй жилийн өмнө нэгэн ер бусын явдал болжээ. Мосег хадам аав Иетрогийнхоо хонийг хариулж явтал Хореб уулын ойролцоох бутан дотор галын дөл дундаас Еховагийн тэнгэр элч үзэгдэв. «Бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа» гэж «Египетээс гарсан нь» номд тэмдэглэжээ. Тэгтэл бутан дотроос нэгэн дуу гарч: «Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан» гэж айлдав. (Египетээс гарсан нь 3:1—6). Хожим, МЭ І зуунд Бурхны Хүү Есүс энэ үгийг сануулсан байдаг.
2, 3. а) Абрахам Исаак Иаков нарыг ямар ирээдүй хүлээж байна вэ? б) Ямар ямар асуулт гарч ирж байна вэ?
2 Нас барагсад дахин амилна гэдэгт итгэдэггүй садукайчуудын заримтай Есүс ярилцаж байлаа. Тэрбээр: «Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзнийг [«Еховаг», ШЕ] „Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан“ гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс, Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг» гэж хэлдэг (Лук 20:27, 37, 38). Есүс энэ үгээрээ Еховагийн үзэл бодлыг илэрхийлж, олон зууны тэртээ нас барсан Абрахам Исаак Иаков нар Бурхны ой санаанд амьд хэвээрээ гэдгийг мэдэгдсэн. Тэд, Иовын адилаар, «албадлагын ажил» (ШЕ) төгсгөлийг буюу үхлийн нойрноос сэрэхээ хүлээж байгаа (Иов 14:14). Бурхны шинэ ертөнцөд тэд дахин амилна.
3 Тэгвэл нас барсан бусад олон тэрбум хүний тухайд юу хэлж болох вэ? Тэд бас дахин амилах уу? Энэ асуултад зөв хариу авахаасаа өмнө хүн үхээд яадгийг Бурхны Үгнээс мэдэж авцгаая.
Нас барагсад хаана байдаг вэ?
4. а) Хүн үхээд яадаг вэ? б) Шеол гэж юу вэ?
4 «Үхдэлүүд юу ч мэддэггүй» гэж Библи хэлдэг. Нас барсан хүн халуун тамд тарчилж, хойд төрлөө олох гэж зовдоггүй. Ердөө л «тоос шороо» болдог. Тийм учраас, Библи амьд хүмүүст: «Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» гэж зөвлөдөг (Номлогчийн үгс 9:5, 10; Эхлэл 3:19). Эх Библийн энэ зүйлд «Үхэгсдийн орон» гэдэг үгийн оронд «шеол» гэдэг үг байдаг. Уг еврей үгийг олон хүн мэддэггүй бөгөөд гарал үүсэл нь ч төдий л тодорхойгүй ажээ. Хүн үхсэн ч, амьдрал нь үргэлжилж байдаг гэж олон шашин номлодог. Харин Бурхны онгодоор бичигдсэн Үгэнд үхсэн хүн шеолд байдаг бөгөөд юу ч мэддэггүй гэж тайлбарладаг. Шеол гэдэг бол бэлэгдлийн утгаар хүн төрөлхтний нийтийн булш юм.
5, 6. Иаковыг үхэхэд яасан бэ? Хэнтэй хамт оршуулсан бэ?
5 Эх Библид «шеол» гэдэг үг анх удаа Эхлэл 37:35-д гардаг. Иаков хайртай хүү Иосефоо алдчихлаа гэж бодоод тайвширч чадалгүй, «Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд [шеолд] одсон хүүгийнхээ араас хүрч очъё» гэж хэлдэг. Хүүгээ үхсэн гэж бодож байсан учраас үхэж, шеолд очъё гэжээ. Хожим, Иаковын есөн том хүү өлсгөлөнгөөс амь гарахын тулд отгон дүү Бениаминаа Египет уруу авч явах болдог. Тэгтэл Иаков дургүйцэн: «Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон [шеол] уруу гашуудалтайгаар үдэх болно» гэж хэлдэг (Эхлэл 42:38). Энэ хоёр зүйлийг үзэхэд үхлийг шеолтой холбосноос бус, хойд настай холбоогүй байна.
6 «Эхлэл» номд тэмдэглэснээр, Иосеф Египетэд хоол хүнс хариуцсан эрх мэдэл бүхий хүн болчихоод байв. Иаков ч хүү Иосефтойгоо уулзахаар баяр хөөр болон Египет уруу явдаг. Тэндээ олон жил нутаглан сууж, 147 насандаа өөд болжээ. Гэрээс ёсоор хөвгүүд нь эцгийнхээ цогцсыг авч яваад, Канаан нутагт Махпелагийн агуйд оршуулдаг (Эхлэл 47:28; 49:29—31; 50:12, 13). Ийнхүү Иаковыг эцэг Исаак, өвөө Абрахамынх нь хамт оршуулжээ.
«Өвөг дээдэс уруугаа оджээ»
7, 8. а) Абрахам үхээд яасан бэ? Тайлбарлана уу. б) Бусад хүн ч бас үхээд шеол уруу явсан гэдгийг юу харуулдаг вэ?
7 Үүнээс нэлээд өмнө, Ехова Абрахамтай байгуулсан гэрээгээ баталж, үр удам нь өнөр өтгөн болно гэж амлахын зэрэгцээ «Чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно» гэж хэлэн, Абрахамд юу тохиолдохыг мэдэгдсэн (Эхлэл 15:15). Энэ үг яг таг биелсэн. Эхлэл 25:8-д: «Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өвөг дээдэс уруугаа оджээ» гэж байдаг. «Өвөг дээдэс» гэдэг нь хэн байсан бэ? Эхлэл 11:10—26-д Абрахамын өвөг дээдсийг Ноагийн хүү Шемээс эхлэн тоочжээ. Тэгэхлээр, өвөг дээдэс гэдэг нь шеолд байсан тэднийг хэлсэн хэрэг бөгөөд Абрахам үхээд тэдэн уруу «оджээ».
8 «Өвөг дээдэс уруугаа оджээ» гэсэн хэллэг Еврей Сударт олонтаа гардаг. Тэгэхлээр, Абрахамын хүү Ишмаел, Мосегийн ах Аарон ч бас үхээд шеолд очиж, тэнд дахин амилахаа хүлээж байгаа гэж үзэх нь зүйтэй (Эхлэл 25:17; Тооллого 20:23—29). Булш нь хаана байгааг мэдэх хүн байхгүй ч, Мосе мөн л шеол уруу явсан (Тооллого 27:13; Дэд хууль 34:5, 6). Мосег залгамжилсан, Израилийн удирдагч Иошуа ч бас үеийнхээ хүмүүсийн адилаар үхэж, шеол уруу явсан (Шүүгчид 2:8—10).
9. а) Еврей хэлний «шеол» гэдэг үг «хадес» гэдэг грек үгтэй ижил утгатайг Библи хэрхэн харуулдаг вэ? б) Шеол буюу хадест байгаа хүмүүс ирээдүйд яах вэ?
9 Хэдэн зууны дараа Давид Израилийн 12 овгийн хаан болсон. Тэрбээр үхэхдээ «эцэг өвгөдийнхөө хамт нойрссон» (Хаадын дээд 2:10). Бас шеолд очсон уу? МЭ 33 оны Пентекостын өдөр элч Петр Давидын үхлийн тухай хэлж, «Та миний [амийг] Үхэгсдийн оронд [шеолд] орхихгүй» гэж Дуулал 16:10-аас иш татсан нь сонирхол татдаг. Петр Давидын булш хадгалагдсаар байгааг тэмдэглээд, «[Давид] Христийн амилалтыг угтан харж, „Тэр Үхэгсдийн оронд [грекээр хадес] орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй“» гэж хэлсэн нь Есүст хамаатайг тайлбарласан. Тэрбээр цааш нь: «Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн» гэж хэлсэн байдаг (Үйлс 2:29—32). Энд Петр, эх Библийн дагуу, «шеол» гэдэг еврей үгийн оронд уг үгтэй ижил утгатай «хадес» гэдэг грек үг хэлснийг анхаарна уу. Тэгэхлээр, хадест байгаа хүмүүс шеолд байгаа хүмүүстэй адилхан байдалд байдаг аж. Тэд дахин амилахаа хүлээн унтаж байгаа.
Шеолд зөвт бус хүмүүс байдаг уу?
10, 11. Зөвт бус зарим хүн үхээд шеол буюу хадес уруу явдаг гэж хэлж болохын учир юу вэ?
10 Мосе израильчуудыг Египетээс гаргасны дараа цөлд самуун дэгддэг. Мосе самуун өдөөсөн Кора Датан Абирам гурваас тусгаар байхыг ард олонд тушаасан. Тэд зуурдаар үхэх байв. Мосе: «Хэрэв эдгээр хүмүүс бүх л хүний үхлээр үхэж, эсвэл бүх хүний хувь тавилангаар зовох аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно. Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирж, газар амаа нээж, тэднийг бүх зүйлийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд [шеолд] очих аваас эдгээр хүмүүс ЭЗЭНийг басамжилсныг та нар ойлгох болно» гэж тайлбарлажээ (Тооллого 16:29, 30). Тэгэхлээр, тэр босогчид бүгдээрээ, тухайлбал, газар амаа нээхэд залгиулсан хүмүүс, мөн галаар устгагдсан Кора болон түүнтэй хамссан 250 леви хүн шеол буюу хадест очсон ажээ (Тооллого 26:10).
11 Соломон хаан эцэг Давидыг нь хараасан Шимеи гэгчийг шийтгэдэг. Давид: «Түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Чи түүний буурал үсийг цустай хамт Үхэгсдийн орон [шеол] уруу явуулаарай» гэж тушаажээ (Хаадын дээд 2:9). Соломон Бенаиагаар зохих шийтгэлийг гүйцэтгүүлжээ. Мөн Израилийн цэргийн жанжин асан Иоабыг Бенаиа шийтгэж, буурал үсийг нь «Үхэгсдийн орон [шеол] уруу амар тайван явуулаагүй» (Хаадын дээд 2:5, 6, 28—34). Энэ хоёр явдал онгодоор хөтлүүлэн Давидын бичсэн: «Бурхныг мартдаг бүх үндэстэн буюу хорон муу хүмүүс Үхэгсдийн орон [шеол] уруу буцна» хэмээсэн дууллын үнэнийг баталдаг (Дуулал 9:17).
12. Ахитофел гэж юун хүн бэ? Үхэхдээ хаашаа явсан бэ?
12 Ахитофел Давидын шадар зөвлөх байсан бөгөөд Давид түүний зөвлөгөөг Еховагаас өөрөөс нь ирсэн мэт үнэлдэг байв (2 Самуел 16:23). Гэтэл, хааны итгэлийг хүлээсэн энэ хүн урваж, хүү Абсаломтай нь үгсэн нийлж, Давидын эсрэг боссон нь тоогүй. Давид: «Энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол, би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол, би түүнээс нуугдахсан. Тэдэн дээр үхэл гэнэт ирэг. Тэд Үхэгсдийн орон [шеол] уруу амьдаараа яваг. Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна» хэмээн бичиж, битүүхэндээ, тэр явдлын тухай хэлсэн бололтой (Дуулал 55:12—15). Ахитофел болон түүний хамсаатнууд үхэхдээ шеол уруу явсан.
Гехеннад хэн байдаг вэ?
13. Ямар учраас Иудасыг «мөхлийн хүү» гэсэн бэ?
13 Их Давид Есүст юу тохиолдсоныг Давидын үзэж туулсантай харьцуулж үзье. Есүсийн 12 элчийн нэг Искариотын Иудас Ахитофел шиг урваж, Ахитофелынхоос ч илүү ноцтой хэрэг хийжээ. Тэрбээр Бурхны Хүүгийн эсрэг боссон. Есүс дэлхийд үйлчилснийхээ эцэст Эцэгтээ залбиран дагалдагчдынхаа тухай тайлагнаж: «Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж» гэж хэлдэг (Иохан 17:12). Энд Есүс Иудасыг «мөхлийн хүү» гэж хэлэхдээ дахин амилах найдваргүй үхсэн гэдгийг нь харуулжээ. Иудас Бурхны ой санаанд үлдээгүй бөгөөд шеол уруу бус, «гехенна» уруу явжээ. Тэгвэл «гехенна» гэж юу вэ?
14. Гехенна юуг бэлэгддэг вэ?
14 Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдыг бүх шавиа «тамын [грекээр гехеннагийн] хүү» болгож байсны улмаас буруушаасан юмa (Матай 23:15). «Гехенна» гэдэг грек үг нь «Хинномын хөндий» гэсэн утгатай. Тэр цагт хүмүүс Хинномын хөндий гэдэг хогийн овоог мэддэг байв. Цаазлуулсан гэмт хэрэгтнүүдийг хүний ёсоор нутаглуулах хэрэггүй гэж үзээд цогцсыг нь тэнд хаядаг байжээ. Өмнө нь ч, Есүс Ууланд айлдсан номлолдоо гехеннагийн тухай дурдаж байсан (Матай 5:29, 30). Хэлсэн үгийнх нь бэлэгдлийн утга сонсогчдод нь тодорхой байжээ. Гехенна дахин амилах найдваргүй бүрмөсөн устгалыг бэлэгддэг. Тэгвэл шеол буюу хадес уруу биш, гехенна уруу явсан хүн Искариотын Иудасаас өөр байдаг болов уу?
15, 16. Үхэхдээ гехенна уруу явсан зарим хүнийг нэрлэнэ үү. Тэд яагаад тийшээ явсан бэ?
15 Бурхан анхны хүн Адам Ева хоёрыг төгс бүтээж, мөнхийн амь бэлэглэсэн. Гэсэн ч тэд санаатай нүгэл үйлдэж, үхлийг сонгожээ. Ийнхүү Бурханд дуулгаваргүй загнаж, Сатаны хамсаатан болов. Тэгээд Христийн золих тахилын ач тусыг хүртэх найдваргүйгээр үхэцгээж, гехенна уруу явсан
16 Адамын ууган хүү Каин дүү Абелаа хөнөөснөөсөө хойш оргодол босуул мэт амьдарсан. Элч Иохан Каиныг «муу нэгнийх [буюу Сатаных] байсан» хэмээжээ (1 Иохан 3:12). Тэгэхлээр, Каин үхээд, эцэг эхийнхээ адилаар, гехенна уруу явжээ гэж үзэх нь зүйтэй (Матай 23:33, 35). Энэ явдлыг зөвт хүн Абелынхтай харьцуулбал үнэхээр ялгаатай. Паул: «Итгэлээр Абел Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Хэдийгээр тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна» хэмээн тайлбарласан (Еврей 11:4). Тийм ээ, Абел одоо шеолд дахин амилахаа хүлээж байгаа.
«Анхны амилалт» ба «илүү дээр амилалт»
17. а) Төгсгөлийн энэ цаг үед хэн шеол уруу явдаг вэ? б) Шеол болон гехеннад байгаа хүмүүс яах вэ?
17 Энэ өгүүллийг уншиж байгаа олон хүн «төгсгөлийн... цагт» нас барах хүмүүс яах бол гэж бодож байгаа байх (Даниел 8:19). «Илчлэлт» номын 6-р бүлэгт энэ үед давхих дөрвөн морьтныг дүрсэлсэн байдаг. Сонирхолтой нь, сүүлчийн морьтон «Үхэл» гэдэг нэртэй бөгөөд араасаа «Үхэгсдийн орон» буюу хадесыг дагуулсан байдаг. Тэгэхлээр, «морьтнуудын» үйл ажиллагаанаас болж зуурдаар нас барсан хүмүүс хадест очих бөгөөд Бурхны шинэ ертөнцөд дахин амилахаа тэнд хүлээнэ (Илчлэлт 6:8). Тэгвэл шеол (хадес) болон гехеннад байгаа хүмүүс яах вэ? Товчоор хэлбэл, эхнийх нь амилна, сүүлчийнх нь үүрд устах буюу бүрмөсөн алга болно.
18. «Анхны амилалтад багтсан» хүмүүс ирээдүйд яах вэ?
18 Элч Иохан: «Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурхны ба Христийн тахилчид болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно» гэж бичжээ. Есүсийн хам захирагчид «анхны амилалтад багтсан». Тэгвэл үлдсэн бусад хүн ямар найдвартай вэ? (Илчлэлт 20:6).
19. Зарим хүн «илүү дээр амилалтаас» ямар ач тус хүртэх вэ?
19 Бурхны үйлчлэгч Елиа Елиша нарын үеэс хүмүүс гайхамшгаар дахин амилж байсан түүхтэй. «Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв. Зарим хүн илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм» гэж элч Паул тэмдэглэжээ. Тийм ээ, тэр үнэнч хүмүүс амьд явах хоногоо хэдхэн жилээр уртасгаад дараа нь дахиад үхэхийг бус, харин мөнх амьдрах «амилалтыг» хүлээж байсан! Тэр нь үнэхээр «илүү дээр амилалт» байх болно (Еврей 11:35).
20. Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
20 Бид үнэнч байсаар Еховаг энэ ёс бус тогтолцоог устгахаас өмнө үхвэл «илүү дээр амилалтад» багтах бат найдвартай. «Илүү дээр» гэхийн учир нь ирээдүйд мөнх амьдрах боломжтой болно гэсэн үг юм. Есүс: «Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж амласан (Иохан 5:28, 29). Дараагийн өгүүллээр энэ сэдвийг гүнзгийрүүлэн ярилцаж, Бурханд үнэнч байдлаа хадгалан өөрийгөө золиослох сэтгэлгээг хөгжүүлэхэд дахин амилах найдвар хэрхэн туслахыг мэдэж авцгаая.
[Зүүлт]
a «Гехенна» гэдэг грек үгийг монгол хэлээрх орчуулгуудад «там», «мөнхийн зовлон» гэх зэргээр буулгасан байдаг.
Та санаж байна уу?
• Ямар учраас Еховаг «амьдын Бурхан» гэдэг вэ?
• Шеолд байгаа хүмүүс ямар байдалтай байдаг вэ?
• Гехеннад байгаа хүмүүс ямар ирээдүйтэй вэ?
• Зарим хүн «илүү дээр амилалтаас» ямар ач тус хүртэх вэ?