Тэнгэр, газар дээрх бүх юмыг нэгтгэх нь
«[Бурхан] Өөрийнхөө сайн тааллын дагуу... тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмыг Христ дотор нэгтгэх зорилго[той]» (ЕФЕС 1:9, 10).
1. Еховагийн «сайн таалал» гэж юу вэ?
ОРЧЛОНТ ертөнцөд энх тайван тогтоно! Энэ бол «амар амгалангийн Бурхан» Еховагийн гайхамшигт санаа зорилго юм (Еврей 13:20). Тэрбээр элч Паулыг онгодоор хөтлөн, «тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмыг Христ дотор нэгтгэх» «сайн таалалтай» гэдгээбичүүлжээ (Ефес 1:9, 10). Энэ зүйлд «нэгтгэх» гэж орчуулсан үйл үгээр чухам юуг илэрхийлдэг вэ? Библи судлаач Ж. Б. Лайтфут: «Энэ үг нь үл нийцэж, үл эвсэх элдэв зүйлгүй, алив бүхэн нь Христ дотор төвлөрсөн, нэгдмэл ертөнцийн бүрэн зохиролт байдлыг илэрхийлдэг. Тэр цагт нүгэл үхэл, уй гашуу, гачигдал зовлон гэж үгүй болно» хэмээн тэмдэглэжээ.
«Тэнгэр дэх юмс»
2. Христтэй нэгдэх «тэнгэр дэх юмс» гэж хэн бэ?
2 Элч Петр жинхэнэ христиануудын гайхамшигт найдварын талаар: «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» хэмээн бичжээ (2 Петр 3:13). Энэ зүйлд амласан «шинэ тэнгэр» гэдэг нь Мессиагийн Хаанчлал буюу шинэ засгийн газар юм. Паулын, Ефес дэх христиануудад бичсэн захидалдаа дурдсан «тэнгэр дэх юмс» нь «Христ дотор» нэгдэх учиртай аж. «Тэнгэр дэх юмс» гэдэг бол тэнгэрээс Христтэй хамт захирахаар сонгогдсон цөөн тооны хүмүүс юм (1 Петр 1:3, 4). Энэхүү 144 000 тослогдсон христиан тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт өв залгамжлахаар «хүмүүсийн дундаас», «дэлхийгээс худалдаж авагдсан» билээ (Илчлэлт 5:9, 10; 14:3, 4; 2 Коринт 1:21; Ефес 1:11; 3:6).
3. Тослогдсон хүмүүсийг дэлхий дээр байхад нь ч «тэнгэрлэг газарт суулгасан» гэж хэлж болохын учир юу вэ?
3 Тослогдсон христианууд Еховагийн сүнсэн хөвгүүд болохын тулд ариун сүнсээр дахин төрдөг (Иохан 1:12, 13; 3:5–7). Тэд Еховагийн «хөвгүүд» болж үрчлэгдсэн учраас Есүсийн ах дүү нар болдог (Ром 8:15; Ефес 1:5). Тиймд, тэднийг дэлхий дээр байгаа хэр нь «амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүстэй хамт суулгасан» мэтээр Библид бичсэн байдаг (Ефес 1:3; 2:6). Тэд «тэнгэрт хадгалагдсан өвийнх нь батлан даагч» болох «Ариун Сүнсээр тамгалагдсан» тул ийм өндөр байр суурь эзэлдэг (Ефес 1:13, 14; Колоссай 1:5). Тэгэхлээр, нэгтгэх шаардлагатай «тэнгэр дэх юмс» гэдэг нь тэд бөгөөд Ехова тэдний тоог урьдаас тогтоосон байна.
Нэгтгэж эхэлсэн нь
4. «Тэнгэр дэх юмсыг» нэгтгэх ажил хэзээ, яаж эхэлсэн бэ?
4 «Тэнгэр дэх юмсыг» нэгтгэхээр авсан Еховагийн арга хэмжээ «цагийн дүүрнийг гүйцэлдэхэд» хэрэгжиж эхлэх учиртай байв (Ефес 1:10). Тэр цаг нь МЭ 33 оны Пентекостын өдөр болж, элч нар болон эрэгтэй эмэгтэй бусад шавь дээр ариун сүнс асгарчээ (Үйлс 1:13–15; 2:1–4). Энэ нь христиан хурал болон «Бурхны Израиль» хэмээх сүнслэг шинэ үндэстэн бүрэлдэн тогтсоны тэмдэг болж, шинэ гэрээ хүчин төгөлдөр болсныг харуулсан (Галат 6:16; Еврей 9:15; 12:23, 24).
5. Ехова Израилийн оронд шинэ «үндэстнийг» бий болгосны учир юу вэ?
5 Израильтай байгуулсан Хуулийн гэрээгээр тэнгэрт үүрд үйлчлэх «тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн» гараагүй билээ (Египетээс гарсан нь 19:5, 6). Есүс шашны удирдагчдад: «Бурхны хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэж хэлсэн байдаг (Матай 21:43). Сүнслэг Израиль хэмээх тэр үндэстнийг шинэ гэрээнд багтсан тослогдсон христианууд бүрдүүлдэг. Элч Петр тэдэнд: «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурхны ард түмэн болжээ» гэж бичсэн (1 Петр 2:9, 10). Израиль үндэстэн цаашдаа Еховатай гэрээ байгуулсан ард түмэн байхаа больжээ (Еврей 8:7–13). Есүсийн хэлсэн ёсоор, Мессиагийн Хаанчлалд багтах завшааныг тэднээс авч, сүнслэг Израилийн 144 000 гишүүнд өгсөн байна (Илчлэлт 7:4–8).
Хаанчлалын гэрээнд багтсан нь
6, 7. Есүс сүнсээр төрсөн ах дүүстэйгээ тусгай ямар гэрээ байгуулсан бэ? Энэ нь тэдний хувьд юу гэсэн үг вэ?
6 Есүс оройн зоог барьсан тэр үдэш үнэнч элч нартаа: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надтай гэрээ байгуулсанчлан Би та нартай хаанчлалын гэрээ байгуулна. Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно» гэж хэлжээ (Лук 22:28, 29, ШЕ, 30). «Үхэл хүртэл итгэмжтэй байн», «ялагч» гэдгээ батлах, сүнсээр төрсөн 144 000 ах дүүтэйгээ тусгай гэрээ байгуулснаа тийн хэлсэн байна (Илчлэлт 2:10; 3:21).
7 Цөөн тооны тэр хүмүүс дэлхий дээр мөнх амьдрах найдвараасаа бүрмөсөн татгалзсан. Тэд хүн төрөлхтнийг шүүхээр сэнтийд залран, Христтэй хамт тэнгэрээс захирна (Илчлэлт 20:4, 6). Одоо, «өөр хонинууд» Есүсийн үхлийг дурсах оройн зоогийн үед талх, дарснаас хүртдэггүйн учрыг тайлбарласан бөгөөд зөвхөн тослогдсон христиануудад хамаатай Библийн бусад зүйлийг үзэцгээе (Иохан 10:16, ШГ).
8. Тослогдсон христианууд талхнаас хүртдэг нь юу харуулдаг вэ? (20-р хуудсан дахь хавсралтыг үзнэ үү.)
8 Тослогдсон христианууд Христ шиг зовж, түүнийх шиг үхлээр үхэхэд бэлэн байдаг. Тэдний нэг Паул «Христийг олж... Түүнийг болон Түүний амилалтын хүчийг мэдэж, зовлонг нь хуваалцахын» тулд юугаа ч золиослоход, тэр бүү хэл, «түүнийх шиг үхэлд өөрийгөө тушаахад» ч бэлэн байсан (Филиппой 3:8, 10, ШЕ). Тослогдсон олон христиан «биедээ Есүсийн үхлийг тээж явдаг» (2 Коринт 4:10).
9. Исгээгүй талх ямар биеийг бэлэгддэг вэ?
9 Тэр онцгой үдэш Есүс талх авч, «Энэ бол Миний бие» гэж хэлжээ (Марк 14:22). Тэрбээр өөрийнхөө биеийг исгээгүй талхтай зүйрлэсэн нь зөв юм. Яагаад гэвэл, Библид нүгэл, ёс бус байдлыг хөрөнгөтэй зүйрлэдэг (Матай 16:4, 11, 12; 1 Коринт 5:6–8). Есүс нүгэлгүй, төгс хүн байсан. Тийм ч учраас төгс биеэ эвлэрүүлэл болгон өгөх байлаа (Еврей 7:26; 1 Иохан 2:2). Энэ нь тэнгэрт амьдрах найдвартай болон диваажин дэлхийд мөнх амьдрах ирээдүйтэй үнэнч христиануудад бүгдэд нь ач тустай байв (Иохан 6:51).
10. Дарснаас хүртдэг хүмүүс «Христийн цусан дотор оролцдог» гэдэг нь юу гэсэн үг вэ?
10 Эзний оройн зоогийн үед тослогдсон христиануудын хүртдэг дарсны талаар элч Паул: «Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү?» гэж бичжээ (1 Коринт 10:16). Дарснаас хүртдэг тэр хүмүүс «Христийн цусан дотор» хэрхэн «оролцдог» вэ? Тэд өөрсдөө нүгэл, үхлээс ангижрах шаардлагатай учраас өөрсдийгөө тахил болгон өргөдөггүй нь тодорхой. Харин Христийн цусны золих хүчинд итгэдэг учраас нүгэл нь уучлагдаж, тэнгэрт амьдрахаар «зөвтгөгдсөн» (Ром 5:8, 9; Тит 3:4–7). Христтэй хамт өв залгамжлагч 144 000 хүнийг «ариун хүмүүс» болгохоор Христийн асгаруулсан цусаар нүглээс нь цэвэрлэж, «ариусган» тусгаарлажээ (Еврей 10:29; Даниел 7:18, 27; Ефес 2:19). Үнэхээр, Есүс асгаруулсан цусаараа «бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд цусаараа худалдан авч өгсөн билээ. [Тэр] тэднийг бидний Бурхны төлөөх хаанчлал ба тахилчид болгов. Тэд дэлхийг захирах болно» (Илчлэлт 5:9, 10, МБОХ, 1996 он).
11. Эзний оройн зоогийн дарснаас уудаг нь юу харуулж буй хэрэг вэ?
11 Есүс тэр үдэш үнэнч элч нартаа аягатай дарс бас өгч, «Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус» хэмээн хэлжээ (Матай 26:27, 28). Бурхан болон Израиль үндэстний хооронд байгуулсан Хуулийн гэрээ бух, ямааны цусаар баталгаажсан шиг, сүнслэг Израильтай Еховагийн байгуулсан шинэ гэрээ Есүсийн цусаар баталгаажин, МЭ 33 оны Пентекостын өдрөөс хүчин төгөлдөр болжээ (Египетээс гарсан нь 24:5–8; Лук 22:20; Еврей 9:14, 15). Тослогдсон христианууд «гэрээний цусыг» бэлэгддэг дарсыг ууж шинэ гэрээнд багтсанаа харуулдаг бөгөөд гэрээний ач тусыг хүртдэг.
12. Тослогдсон христианууд Христийн үхэл рүү баптисм хүртдэг гэдэг нь юу гэсэн үг вэ?
12 Тослогдсон христианууд бас нэгэн зүйлийг санах ёстой байдаг. Есүс үнэнч шавь нартаа: «Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно» гэж хэлжээ (Марк 10:38, 39). Хожим нь элч Паул христиануудыг: «[Христийн] үхэл рүү баптисм хүртдэг» гэж хэлсэн (Ром 6:3). Тослогдсон христианууд үхэн үхтэлээ өөрсдийгөө золиослон амьдардаг. Учир нь тэд дэлхий дээр мөнх амьдрах найдвараасаа татгалздаг. Христийн үхэл рүү хүртдэг баптисм нь тэднийг үнэнчээр үхээд, тэнгэрт Христтэй «хамт хаанчлахаар» сүнсэн бүтээл болон амилахад нь бүрэн төгсдөг (2 Тимот 2:10–12; Ром 6:5; 1 Коринт 15:42–44, 50).
Бэлэгдлийн идээнээс хүртэх нь
13. Дэлхийн найдвартай хүмүүс «Эзний оройн зоогийн» бэлэгдлийн идээнээс хүртдэггүйн учир юу вэ? Тэд ямар учраас «Эзний оройн зоогт» ирдэг вэ?
13 Есүсийн үхлийг дурсах цуглаан дээр дамжуулдаг талх, дарснаас хүртэх нь ийм нарийн учиртай тул дэлхийд амьдрах найдвартай хүмүүс эдгээрээс хүртэх нь зохисгүй болж таарч байна. Тэд өөрсдийгөө Христийн биеийн тослогдсон эрхтнүүд биш гэдгээ, мөн Есүс Христтэй хамт захирах хүмүүстэй Еховагийн байгуулсан шинэ гэрээнд багтдаггүй гэдгээ ойлгодог. «Аяга» нь шинэ гэрээг төлөөлдөг учраас энэ гэрээнд багтдаг хүмүүс л бэлэгдлийн идээнээс хүртдэг. Хаанчлалын удирдлага дор дэлхий дээр төгс болж мөнх амьдрах найдвартай хүмүүс Есүсийн үхэл рүү баптисм хүртээгүй бөгөөд тэнгэрээс түүнтэй хамт захирахаар дуудагдаагүй билээ. Хэрэв бэлэгдлийн идээнээс хүртвэл, хийх эрхгүй зүйлээ хийж байна гэсэн үг болно. Тиймээс тэд талх, дарснаас хүртдэггүй. Гэхдээ тэр онцгой цуглаанд хүндэт ажиглагчаар оролцдогийн учир нь Еховагийн Хүүгээрээ дамжуулж хийсэн бүхэнд, ялангуяа, Христийн асгаруулсан цусны үндсэн дээр нүглийг нь уучилдагт талархдагаа харуулж буй хэрэг юм.
14. Тослогдсон христианууд бэлэгдлийн талх, дарснаас хүртээд сүнслэгээр хэрхэн бэхэждэг вэ?
14 Есүстэй хамт захирахаар дуудагдсан харьцангуй цөөхөн христианыг эцэслэн тамгалах ажил дуусах дөхөж байна. Тослогдогсод дэлхий дээрх амьдралаа дуусан дуустал бэлэгдлийн талх, дарснаас хүртэн сүнслэгээр бэхжиж, Христийн биеийн эрхтнүүд болох тослогдсон ах эгч нартайгаа нэгдмэл байж, үхэн үхтэлээ үнэнч байх ёстойгоо ойлгодог (2 Петр 1:10, 11).
«Газар дээрх юмсыг» нэгтгэх нь
15. Тослогдсон христиануудтай хэн нэгдсэн бэ?
15 Тоо нь өсөн нэмэгдэж байсан «өөр хонинууд» 1930-аад оны дунд үеэс тослогдогсодтой нэгдсэн. Тэд бол «өчүүхэн сүргээс» тусдаа бөгөөд дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс юм (Иохан 10:16, ШГ; Лук 12:32; Зехариа 8:23). Тэд «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээг» бүх үндэстэнд гэрчлэх Христийн ах дүү нарын ажилд үнэлж баршгүй тусламж үзүүлэн, үнэнч нөхөд нь болжээ (Матай 24:14; 25:40). Тиймээс, Христ ирж, үндэстнүүдийг шүүхдээ тэднийг «хонио» хэмээн таалан соёрхож, «өөрийн баруунтайд» байлгана (Матай 25:33–36, 46). Христийн цусанд итгэдэг тэр хүмүүс «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах «үй олон хүнийг» бүрдүүлэх юм (Илчлэлт 7:9–14).
16. «Газар дээрх юмс» гэдэгт өөр хэн орох вэ? Тэд яавал Бурхны хүүхдүүд болох вэ?
16 144 000 хүнээс үлдэгсдийг тамгалж дуусахад дэлхий дээрх Сатаны эд юмсын ёс бус тогтолцоог устгах «салхийг» сул тавина (Илчлэлт 7:1–4). Христ болон түүний хам захирагч хаан-тахилчдын Мянган жилийн засаглалын үед, дахин амилсан тоолж баршгүй олон хүн «үй олон хүнтэй» нэгдэнэ (Илчлэлт 20:12, 13). Тэд Есүс Христ хэмээх Мессиа Хааны харьяат албат болж, дэлхий дээр мөнх амьдрах сайхан боломжтой болно. Мянган жилийн засаглалын сүүлээр энэ бүх «газар дээрх юмс» эцсийн сорилтод орно. Үнэнчээ баталсан хүмүүс «Бурхны хүүхдүүд» болж үрчлэгдэнэ (Ефес 1:10; Ром 8:21; Илчлэлт 20:7, 8).
17. Еховагийн санаа зорилго хэрхэн биелэх вэ?
17 Тийнхүү Ехова хязгааргүй мэргэн ухаанаар арга хэмжээ авсныхаа ачаар «тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмыг Христ дотор нэгтгэх» санаа зорилгоо биелүүлнэ. Тэр цагт тэнгэр, газар дээрх оюун ухаант бүх бүтээл нь нэгдэж, санаа зорилгоо биелүүлдэг агуу Бурхан Еховагийн хэмжээлшгүй бөгөөд зөв эрх мэдэлд баяртайгаар захирагдах болно.
18. Есүсийн үхлийг дурсах цуглаанд очих нь тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдэд ямар ач тустай вэ?
18 Тослогдогсдын үлдэгсэд болон тэдний сая сая хамтран зүтгэгч болох «өөр хонинууд» 2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд цуглаад, итгэл нь хэчнээн их бэхжих бол оо! Тэд Есүсийн: «Намайг дурсаж үүнийг үйлд» хэмээн тушаасанчлан үхлийг нь дурсана (Лук 22:19). Тэнд очих бүх хүн өөрсдийнх нь төлөө Ехова хайртай Хүү Есүс Христийнхээ тусламжтайгаар юу хийснийг санах учиртай.
Давтах асуулт
• Ехова тэнгэр, газар дээрх юмсын талаар ямар санаа зорилготой вэ?
• «Тэнгэр дэх юмс» гэж хэн бэ? Тэднийг яаж нэгтгэсэн бэ?
• «Газар дээрх юмс» гэж хэн бэ? Тэд ямар найдвартай вэ?
[20-р хуудасны хавсралт]
«Христийн бие»
1 Коринт 10:16, 17-д Паул Христийн, сүнсээр тослогдсон ах дүү нарын хувьд талх ямар онцгой утгатай болохыг бичихдээ «бие» гэдэг үгийг шилжсэн утгаар хэрэглэсэн байдаг. Тэрбээр: «Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас хуваалцдаг» хэмээн бичжээ. Тослогдсон христианууд бэлэгдлийн талхнаас хүртэхдээ, Христ хэмээх толгойтой бие буюу тослогдогсдын хуралтай нэгдмэл байдгаа харуулдаг (Матай 23:10; 1 Коринт 12:12, 13, 18).