Ёс бус хүмүүсийг Еховагийн шийтгэл хүлээж байна
«Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн» (АМОС 4:12).
1, 2. Бурхан ёс бус явдлыг арилгана гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
ЕХОВА энэ дэлхий дээрх ёс бус явдал, зовлон зүдүүрт хэзээ нэгэн цагт цэг тавих болов уу? ХХІ зууны эхэн болсон өнөө цагт эл асуулт урьд хожид байгаагүй хурцаар тавигдаж байна. Хаашаа л харна, хүн хүндээ хэрцгий догшин ханддаг болсон мэт. Бид хүчирхийлэл, терроризм, авилгалаас ангид нийгмийг ямар их хүснэ вэ!
2 Харин ч аз болоход, Ехова ёс бус явдлыг арилгана гэдэгт бүрэн итгэж болно. Тэрбээр муу хүмүүст арга хэмжээ авна гэдгийг зан чанар нь тодорхой харуулдаг. Ехова зөв бөгөөд шударга Бурхан билээ. Дуулал 33:5-д Бурхны тухай: «Тэрбээр зөв ба шударга байдлыг хайрладаг» хэмээн хэлдэг. Өөр нэгэн дуулалд: «Хүчирхийлэлд дурлагчийг [Еховагийн] сэтгэл үзэн яддаг билээ» хэмээн өгүүлдэг (Дуулал 11:5). Тэгэхлээр зөв, шударга байдлыг хайрладаг, хамгаас хүчтэй Ехова Бурхан үзэн яддаг юмаа мөнхөд хүлцэхгүй нь ойлгомжтой.
3. Амосын зөгнөлийг судлах явцдаа ямар ямар зүйлийг онцолж үзэх вэ?
3 Ехова ёс бус явдлыг арилгана гэдэгт итгэж болох өөр нэг шалтгааныг ярилцъя. Эрт цагт Бурхан ёс бус хүмүүст юу хийснийг тэмдэглэн үлдээсэн нь үүний баталгаа болдог. Энэ тухай мартахын аргагүй жишээг «Амос» номоос уншиж болно. Амосын зөгнөлийг дэлгэрэнгүй судлах явцдаа Бурхны шийтгэлийн тухай гурван зүйлийг онцолж үзнэ. Нэгдүгээрт, энэ нь ямагт зүй ёсны байдаг. Хоёрдугаарт, үүнээс зугтах аргагүй. Гуравдугаарт, энэ шийтгэл эзнээ олдог. Өөрөөр хэлбэл, Ехова гэм нүгэлтнүүдийг шийтгэхийн зэрэгцээ гэмшсэн, зүрх нь зөв хандлагатай хүмүүсийг өршөөдөг (Ром 9:17–26).
Бурхны шийтгэл ямагт зүй ёсны байдаг
4. Ехова Амосыг хааш нь, ямар зорилгоор явуулсан бэ?
4 Амосын үед израильчууд аль хэдийнээ хоёр улс болон хуваагдчихсан байжээ. Нэг нь Иудагийн хоёр овогт өмнөд хаант улс, нөгөө нь Израилийн арван овогт хойд хаант улс байлаа. Ехова Амосыг зөнчөөр үйлчлүүлэхээр Иудад байдаг төрөлх хотоос нь Израиль уруу явуулжээ. Тэнд Бурхны шийтгэлийг тунхаглах ёстой байв.
5. Амос эхлээд ямар үндэстнүүдийн талаар зөгнөсөн бэ? Тэднийг шийтгэх нь зүй ёсны байсан нэг шалтгаан нь юу вэ?
5 Амос эхлээд Израилийн хаант улсын тэрслүү ард түмнийг Ехова шийтгэх гэж байгааг тунхаглахаасаа өмнө хөрш зэргэлдээх зургаан үндэстнийг шийтгэх тухай тунхагласан. Тэдгээр нь Сири, Филист, Тир, Едом, Аммон, Моаб байв. Гэхдээ энэ үндэстнүүдийг шийтгэх нь үнэхээр зүй ёсны байсан уу? Гарцаагүй тийм байсан. Тэд Бурхны ард түмний эвлэршгүй дайсан байсанд нэг шалтгаан нь байгаа юм.
6. Бурхан ямар учраас Сири, Филист, Тирт гай зовлон учруулах гэж байсан бэ?
6 Жишээлбэл, Ехова сиричүүдийг «Гилеадыг цохисных» нь улмаас шийтгэсэн (Амос 1:3). Сиричүүд Иордан голын дорнод этгээдэд байдаг Израилийн нэг муж болох Гилеадын нутгийг авч, тэнд нутагладаг Бурхны ард түмэнд ноцтой хохирол учруулсан. Филист, Тирийн тухайд юу хэлж болох вэ? Филистчүүд израильчуудыг олзолж, едомчуудад худалдан, заримыг нь боолын наймаачин тиричүүдийн гарт өгдөг байжээ (Амос 1:6, 9). Бурхны ард түмнийг боол болгон худалддаг байсан гээд бод доо! Тиймд Ехова Сири, Филист, Тирт гай зовлон учруулах гэж байсанд гайхах зүйлгүй байна.
7. Едом Аммон Моаб гуравт Израильтай холбоотой нийтлэг ямар зүйл байсан бэ? Гэсэн ч тэд израильчуудад яаж ханддаг байсан бэ?
7 Едом Аммон Моаб гурав өөр хоорондоо болон израильчуудтай садан төрлийн холбоотой байв. Едомчууд Абрахамаас гаралтай бөгөөд Иаковын ихрийн өрөөсөн Есавын удам ажээ. Тэгэхлээр, тэд израильчуудын ах дүү нар гэсэн үг юм. Аммончууд болон моабчууд Абрахамын ач дүү Лотын үр удам байв. Гэсэн ч тэр гурван үндэстэн израильчуудад төрөл саднаа гэсэн сэтгэлээр хандаж байсан уу? Огтхон ч үгүй! Едом «ах дүүгийнхээ» өөдөөс өршөөлгүйгээр илд далайж, аммончууд израильчуудыг олзлон авч, тамлан зовоодог байсан (Амос 1:11, 13). Амос Моабыг Бурхны ард түмэнтэй таагүй харьцаж байсан талаар шууд дурдаагүй ч, моабчууд бол израильчуудыг эсэргүүцэж байсан нэлээд урт түүхтэй үндэстэн юм. Гарал нэгтэй энэ гурван үндэстнийг хатуу шийтгэл хүлээж байлаа. Ехова тэднийг галаар устгахаар болжээ.
Бурхны шийтгэлээс зугтах аргагүй
8. Израильтай хөрш зэргэлдээ зургаан үндэстэн шийтгэлээс зугтах аргагүй байсны учир юу вэ?
8 Амосын зөгнөлийн эхэнд дурдсан тэр зургаан үндэстнийг шийтгэх нь зүй ёсны байсан нь тодорхой. Тэгээд ч, тэдэнд үүнээс зугтах зам байгаагүй. «Амос» номын 1-р бүлгийн 3-р зүйлээс 2-р бүлгийн 1-р зүйлд Ехова зургаан удаа: «Шийтгэлийг Би болиулахгүй» гэж хэлснийг тэмдэглэжээ. Тэрбээр хэлсэн ёсоороо, тэдгээр үндэстнийг шийтгэх гэсэн бодлоо өөрчлөөгүй. Хожим нь тэд бүгд гай зовлон амссаныг түүх баталдаг. Филист, Моаб, Аммон, Едом гэсэн дөрвөн үндэстэн эцэстээ ор мөргүй устжээ!
9. Иудагийн ард түмнийг яах нь зүй ёсны байсан бэ? Яагаад?
9 Дараа нь Амосын зөгнөсөн, шийтгэл хүлээх долоо дахь улс нь Иуда байлаа. Тэрбээр төрсөн нутгийнхаа эсрэг зөгнөсөн нь Израилийн хаант улсын ард түмэнд хачирхалтай санагдсан биз ээ. Иудагийн ард түмнийг шийтгэх нь яагаад зүй ёсны байсан бэ? Амос 2:4-т тэднийг: «ЭЗЭНий хуулиас татгалзсан» гэж бичжээ. Өөрийнх нь Хуулийг санаатайгаар үл тоомсорлохыг Ехова зүгээр хараад өнгөрөөж чадаагүй. Амос 2:5-д бичсэнээр, тэрбээр: «Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно» хэмээн урьдчилан сануулжээ.
10. Иуда гамшгаас яагаад зугтах аргагүй байсан бэ?
10 Үнэнч биш Иуда айсуй гамшгаас зугтах аргагүй байсан. Ехова долоо дахь удаа: «Шийтгэлийг Би болиулахгүй» гэж хэлсэн байдаг (Амос 2:4). Иуда МЭӨ 607 онд вавилончуудад эзлэгдсэнээр, урьдаас хэлсэн шийтгэлийг хүртсэн билээ. Ёс бус хүмүүс Бурхны шийтгэлээс зугтах аргагүйг энэ явдал дахин баталж байна.
11-13. Амос, гол нь, ямар улсын эсрэг зөгнөсөн бэ? Тэнд дарлал мөлжлөгийн ямар ямар хэлбэр байсан бэ?
11 Долоон үндэстэнд Еховагийн шийтгэл ирэх тухай тунхаглахад нь зарим хүн Амосыг зөгнөөд дууслаа даа гэж бодсон байж болох юм. Гэвч эндүүрчээ. Амос зөгнөж дуусаагүй байлаа! Тэрбээр гол нь, Израилийн хаант улсыг хатуу шийтгэх тухай мэдээ тунхаглахаар томилогдсон байсан. Израилийн ард түмний ёс суртахуун болон сүнслэг байдал эмгэнэлтэйгээр завхарсан учраас Бурхан тэднийг шийтгэхэд хүрчээ.
12 Амос Израилийн хаант улсад газар авсан дарлан мөлжих явдлыг илчилсэн. Энэ талаар Амос 2:6, 7-д: «ЭЗЭН ингэж айлдаж байна. „Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан. Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг“» хэмээн бичсэн байдаг.
13 Зөв шударга хүнийг «мөнгөөр» худалддаг гэдэг нь шүүгчид гэмгүй хүмүүсийг шийтгэхийн тулд хахууль авдаг байсан гэсэн үг бололтой. Зээл олгогчид гачигдсан хүмүүсийг шалихгүй өрийнх нь төлөө «хос шаахайны» үнээр боол болгон худалддаг байжээ. Хатуу сэтгэлтэй хүмүүс «үгээгүй нэгнийг» толгой дээрээ шороо цацтал нь шаналгаж, зовоож, доромжлохыг тэмүүлдэг байсан. Авилгал гаарснаас болж «даруу» хүмүүс шударга ёс байдаг гэдэгт итгэхээ больжээ.
14. Израилийн арван овогт хаант улсад ямар хүмүүс ад үзэгддэг байсан бэ?
14 Ямар хүмүүс ад үзэгдэж байсныг анхааръя. Тэд зөв шударга, гачигдсан, үгээгүй, даруу израильчууд байсан. Еховагийн Израильтай байгуулсан Хуулийн гэрээгээр бол ядарсан, гачигдалтай хүмүүст өрөвч сэтгэлээр хандах шаардлагатай байсан. Гэтэл Израилийн арван овогт хаант улсад тийм хүмүүс үнэхээр хөөрхийлөлтэй байжээ.
«Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн»
15, 16. а) «Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн» гэж израильчуудад анхааруулсан нь ямар учиртай вэ? б) Ёс бус хүмүүс Бурхны шийтгэлээс мултарч чадахгүй гэдгийг Амос 9:1, 2 хэрхэн харуулдаг вэ? в) Израилийн арван овогт хаант улс МЭӨ 740 онд яасан бэ?
15 Израильд садар самуун болон өөр бусад нүгэлт явдал гаарсан нь зөнч Амосыг энэхүү тэрслүү ард түмэнд: «Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн» хэмээн анхааруулах хангалттай шалтгаан болсон юм (Амос 4:12). Үнэнч биш Израиль удахгүй болох Бурхны шийтгэлээс зугтах аргагүй байв. Учир нь Ехова найм дахь удаагаа: «Шийтгэлийг Би болиулахгүй» гэж мэдэгдсэн билээ (Амос 2:6). Бурхан нуугдах гэж оролдох ёс бус хүмүүсийн талаар: «Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй. Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс Би тэднийг буулгана» хэмээн өгүүлжээ (Амос 9:1, 2).
16 Ёс бус хүмүүс бэлэгдлийн утгаар, «Үхэгсдийн орон уруу ухаад орох» буюу газрын гаваар орсон ч Еховагийн шийтгэлээс мултарч чадахгүй. Бас «тэнгэр уруу гарсан ч», өөрөөр хэлбэл, уулын оройд гарсан ч Бурхны шийтгэлээс зугтаж чадахгүй. Өөрөөс нь нуугдах газар байхгүй гэсэн Еховагийн сэрэмжлүүлэг маш тодорхой байсан. Бурхны шударга чанар Израилийн хаант улсаас ёс бус хэрэг явдлынхаа хариуцлагыг хүлээхийг шаардаж байлаа. Ингээд тэр цаг иржээ. Амосыг зөгнөлөө бичсэнээс хойш 60-аад жилийн дараа, МЭӨ 740 онд Израилийн хаант улс ассиричуудад эзлэгдэв.
Бурхны шийтгэл эзнээ олдог
17, 18. «Амос» номын 9-р бүлэгт Бурхны өршөөх сэтгэлийн талаар юу өгүүлдэг вэ?
17 Бурхны шийтгэл ямагт зүй ёсны бөгөөд энэ шийтгэлээс зугтах аргагүйг ойлгоход Амосын зөгнөл бидэнд тусалдаг. Тэгвэл бас эзнээ олдгийг ч «Амос» ном баталдаг. Бурхан ёс бус хүмүүсийг хаана ч нуугдаж байсан олж аваад, шийтгэж чадна. Мөн өршөөл үзүүлбэл зохих гэмшсэн, үнэнч шударга хүмүүсийг ч олж чадна. Энэ нь «Амос» номын эцсийн бүлгээс маш тодорхой харагддаг.
18 «Амос» номын 9-р бүлгийн 8-р зүйлд Ехова: «Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй» гэж хэлжээ. 13-аас 15-р зүйлд бичсэнээр, Ехова ард түмнийхээ «олзлогдогсдоос буцаан авчрахаа» амласан байдаг. Тэдэнд өршөөл үзүүлж, айх аюулгүй, элбэг хангалуун амьдруулах байлаа. Ехова бас «газар хагалагч нь хураагч хүнд... ойртоно» гэж урьдчилан хэлсэн. Хойтон жил нь газар хагалж, тариа тарих цаг болоход ч хурааж барахааргүй тийм элбэг дэлбэг ургац байна гээд бод доо!
19. Израиль болон Иудагийн үлдэгдэл яасан бэ?
19 Ехова гэмшсэн, зүрх нь зөв хандлагатай хүмүүст өршөөл үзүүлснээр Иуда болон Израилийн ёс бус хүмүүсийг шийтгэхдээ эзнээ олсон гэж хэлж болно. «Амос» номын 9-р бүлэгт бичсэн сэргээн босголтын тухай зөгнөл Израиль болон Иудагийн ард түмний гэмшсэн үлдэгдэл МЭӨ 537 онд Вавилоны олзноос буцаж ирэхэд биелсэн. Тэд эх нутагтаа эргэж ирээд цэвэр шүтлэгийг сэргээснээс гадна тайван аюулгүй байдалд гэр байшин, усан үзмийн талбай, жимс ногооны цэцэрлэгээ дахин барьж байгуулсан.
Ехова ёс бус хүмүүсийг удахгүй шийтгэнэ!
20. Бид Амосын тунхагласан ёс бус хүмүүсийг шийтгэх тухай мэдээг анхаарснаар юунд итгэлтэй болох учиртай вэ?
20 Амосын тунхагласан Бурхны шийтгэлийн тухай мэдээг анхаарах нь Ехова удахгүй ёс бус явдлыг арилгана гэсэн итгэлийг төрүүлэх ёстой. Үүнд ямар учраас итгэж болох вэ? Нэгдүгээрт, Бурхан ёс бус хүмүүсийг яаж байсан тухай эдгээр жишээ нь өнөө үед түүний хэрхэхийг харуулдаг. Хоёрдугаарт, тэрслүү Израилийн хаант улсыг Бурхан шийтгэсэн нь хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох «Агуу Вавилоны», хамгийн их зэмлэл хүртвэл зохих христ шашны ертөнцийг устгахыг нь баталдаг (Илчлэлт 18:2).
21. Христ шашны ертөнцийг Бурхан шийтгэх нь яагаад зүйн хэрэг вэ?
21 Христ шашны ертөнцийн сүнслэг болоод ёс суртахууны байдал хэчнээн эмгэнэлтэй болсон нь тодорхой учраас шийтгэл хүртвэл зохино гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхлээр, христ шашны ертөнц болон Сатаны тогтолцооны бусад хэсгийг Ехова шийтгэх нь зүй ёсны билээ. Түүнчлэн, Бурхан ёс бус хүмүүсийг шүүхэд хэн ч зугтах аргагүй. Тэр үед «Амос» 9-р бүлгийн 1-р зүйлийн: «Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй» гэсэн зөгнөл биелэх нь зайлшгүй. Тийм ээ, Ехова ёс бус хүмүүсийг хаана ч нуугдсан байсан олно.
22. 2 Тесалоник 1:6–8-д ёс бус хүмүүсийг Бурхан шийтгэх талаар ямар ямар онцлог зүйлийг тодорхой болгодог вэ?
22 Бурхны шийтгэл ямагт зүй ёсны, зугтах аргагүй, эзнээ олсон байдаг. Үүнийг элч Паулын бичсэн дараах үгнээс харж болно. «Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» (2 Тесалоник 1:6–8). «Бурхан шударга тул» өөрийнх нь тослогдсон үйлчлэгчдэд гай зовлон удаж байгаа хүмүүст «хариулах» буюу тэднийг шийтгэх нь зүйн хэрэг. Ёс бус хүмүүс «Есүсийг хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор... илчлэгдэх» үед амьд үлдэхгүй учраас шийтгэлээс зугтах аргагүй. Мөн Есүс «Бурхныг мэддэггүй ба... сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах» тул энэхүү шийтгэл нь эзнээ олсон байх болно. Харин зовлонг тэвчсэн, Бурхнаас эмээгч хүмүүст «тайвшралыг өгнө».
Зөв шударга хүмүүсийн найдвар
23. «Амос» ном бидэнд ямар найдвар төрүүлж, хэрхэн тайвшруулдаг вэ?
23 Зүрх нь зөв хандлагатай хүмүүст тайвшрал өгч, найдвар төрүүлдэг сайхан мэдээ Амосын зөгнөлд бий. Тэнд зөгнөсөн ёсоор, Ехова эртний ард түмнээ газрын хөрснөөс ор мөргүй устгаагүй юм. Тэрбээр олзонд байсан израильчуудыг дахин цуглуулж, эх нутагт нь буцаан, айх аюулгүй, элбэг хангалуун амьдруулах болсон. Энэ явдал бидэнд юу өгүүлнэ вэ? Ехова ёс бус хүмүүсийг шийтгэх үедээ тэднийг хаана ч нуугдсан байсан олох ба өршөөлийг нь хүртэх нь зохистой гэж үзсэн хүмүүсээ дэлхийн аль ч өнцөгт амьдарч байсан олно гэдэгт биднийг улам бүр итгүүлдэг.
24. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид ямар ямар ивээл хүртдэг вэ?
24 Еховагийн үнэнч үйлчлэгчид бид ёс бус хүмүүсийг шийтгэх өдрийг хүлээн байхдаа ямар ивээл хүртдэг вэ? Ехова биднийг сүнслэгээр элбэг хангалуун байлгадаг. Бид христ шашны ертөнцийн хуурамч сургаалын үр дүн болсон худал хуурмаг, завхрал гажуудлаас ангид чөлөөтэйгөөр Бурхныг шүтдэг. Түүнчлэн, Ехова биднийг сүнслэг хоолоор элбэг дэлбэг хангаж байна. Гэхдээ Еховагийн өгдөг энэ арвин ивээлийг асар их хариуцлага дагалддаж байдгийг санах хэрэгтэй. Бурхан биднийг өөрийнх нь шийтгэлийн талаар бусдад сэрэмжлүүлээсэй гэж хүсэн хүлээдэг. Бид «мөнхийн аминд зөв ханддаг хүмүүсийг» олохын тулд чадах бүхнээ хийдэг билээ (Үйлс 13:48, ШЕ). Тийм ээ, эдүгээ бидний хүртэж буй сүнслэг элбэг хангалуун байдлаас аль болох олон хүн ач тус хүртээсэй гэж хүсдэг. Бас тэднийг удахгүй болох ёс бус хүмүүсийг шийтгэх үеийг эсэн мэнд давж гараасай гэж хүсдэг. Ийм их ивээлийг хүртэхийн тулд зүрх маань зөв хандлагатай байх ёстой нь мэдээжийн хэрэг. Тэгвэл Амосын зөгнөлд энэ тухай ч бас онцолсон байдгийг дараагийн өгүүллээр үзнэ.
Та юу гэж хариулах вэ?
• Еховагийн шийтгэл ямагт зүй ёсны байдгийг Амосын зөгнөл хэрхэн харуулдаг вэ?
• Бурхны шийтгэлээс зугтах аргагүйг харуулахын тулд Амос ямар баталгаа өгсөн бэ?
• Бурхны шийтгэл эзнээ олсон байдгийг «Амос» ном хэрхэн баталдаг вэ?