Дахин амилах найдвар хүчтэй
«Би Түүнийг [Есүс Христийг] болон Түүний амилалтын хүчийг... таньж мэдэхийн... [төлөө бүх юмсын гарз хохирлыг амсдаг]» (ФИЛИППОЙ 3:8–10).
1, 2. а) Олон жилийн өмнө нэгэн санваартан амилалтыг юу гэж тодорхойлсон бэ? б) Амилалт хэрхэн болох вэ?
1890-ээд оны эхээр АНУ-ын Нью-Йоркийн Бруклины нэгэн санваартны хачирхалтай номлолыг нийтийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Тэр хэлэхдээ, амилалтын үед нэгэн цагт хүний биеийг бүрдүүлж байсан яс, махыг галд шатсан байна уу, осол аваарт орсон байна уу, эсвэл араатанд идүүлсэн байна уу, хөрс бордоо болсон байна уу гэдгээс үл хамааран бүгдийг нь цуглуулж, амь оруулна гэжээ. Тэр номлогчийн ярьснаар бол нэг тодорхой өдөр 24 цагийн дотор дэлхий хэдэн тэрбум үхэгсдийн гар, хөл, хуруу, яс, шөрмөс, арьсаар дүүрэх аж. Биеийн энэ хэсгүүд нь нөгөө хэсгүүдээ хайна. Тэгээд дараа нь там болон диваажингаас хүний сүнснүүд ирж амилсан биест амьдрах юм байна.
2 Анхны атомуудыг дахин нийлүүлэх замаар амилуулах гэдэг нь ямар ч авцалдаагүй бөгөөд хүнд үхэшгүй мөнхийн сүнс гэж байдаггүй (Номлогчийн үгс 9:5, 10; Езекиел 18:4, ШЕ). Үхэгсдийг амилуулагч Ехова Бурханд хүний биеийг анхнаас нь бүрдүүлэгч материйн атомыг дахин цуглуулах шаардлага байхгүй. Тэрбээр дахин амилагчдад шинэ бие хийж өгч чадна. Ехова өөрийн Хүү Есүс Христэд үхэгсдийг мөнх амьдрах боломжтойгоор амилуулах хүч өгсөн (Иохан 5:26). Тиймд Есүс: «Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна» гэжээ (11:25, 26). Юутай баярламаар амлалт вэ! Энэ нь бидэнд хүнд сорилтыг тэсэх хүч өгдөг ба Еховагийн үнэнч Гэрч биднийг үхлийн өмнө ч бэхжүүлдэг юм.
3. Паул юуны учир амилалтын тухай сургаалыг хамгаалах болов?
3 Дахин амилалт нь, хүн үхэшгүй мөнхийн сүнстэй гэдэг үзэл сургаалтай таардаггүй. Чухамдаа, Грекийн гүн ухаантан Платон тэгж үздэг байжээ. Тэгвэл элч Паулыг Афины Арейпагийн нэртэй цуутай грекүүдэд Есүсийг дурдан, Бурхан түүнийг үхэгсдээс амилуулсан гэж хэлэхэд юу болсон бол оо? «Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглож байлаа» гэж Библид бичжээ (Үйлс 17:29–34). Есүс Христийн дахин амилсныг харсан олон хүн тэр үед амьд байсан бөгөөд доог тохууг үл харгалзан түүнийг үхэгсдээс дахин амилсныг гэрчилж байв. Гэтэл Коринтын хуралтай холбоо бүхий хуурамч багш нар амилалтыг үгүйсгэж байжээ. Тийм болохоор Паул 1-р Коринт 15-р бүлэгт христианы энэхүү сургаалыг маш хүчтэй хамгаалсан байдаг. Түүний баталгаануудыг нямбай судлахад амилах найдвар баттай бөгөөд хүчтэй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй нь нотлогддог.
Есүсийн дахин амилсны баттай нотолгоо
4. Паул Есүсийн амилсныг нүдээр үзсэн хүмүүсийн ямар гэрчлэлийг өгсөн бэ?
4 Паул хамгаалалтаа яаж эхэлснийг анхаарцгаая (1 Коринт 15:1–11). Коринт хотынхон авралын сайн мэдээг баттай баримтлахгүй бол дэмий хоосон итгэгчид болох байв. Христ бидний нүглийн төлөө үхээд, оршуулагдаад, дахин амилсан билээ. Дахин амилсан Есүс Кефт (Петрт), «дараа нь өнөөх арван хоёрт» үзэгджээ (Иохан 20:19–23). Есүсийг, магадгүй, «явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэж тушаах үед нь 500 орчим хүн харжээ (Матай 28:19, 20). Иаков болон бүх үнэнч элчүүд түүнийг нэгэн зэрэг үзжээ (Үйлс 1:6–11). Дамаскийн ойролцоо «дутуу төрсөн мэт» буюу аль эрт сүнсэн амьдрал уруу оччихсон мэт Саулд Есүс үзэгдсэн (Үйлс 9:1–9). Паул дэлгэрүүлсний ачаар Коринтынхон итгэгч болж, сайн мэдээг хүлээж авсан юм.
5. 1 Коринт 15:12–19-д Паулын ямар баримтыг бичсэн бэ?
5 Паулын баримтыг анхаарч үзье (1 Коринт 15:12–19). Нүдээр үзсэн хүмүүс Христийн дахин амилсныг тунхаглаад байхад дахин амилалтыг үгүйсгэж яаж болох вэ дээ? Хэрэв Есүс үхэгсдээс дахин амилаагүй байсан бол бидний тунхаглал, бидний итгэл талаар болж, бид Христийг дахин амилсан гэж яриад, Бурхныг худал гэрчилсэн болно. Хэрэв үхэгсэд дахин амилахгүй юм бол «бид ч нүгэл дотроо байсаар байх» ба Христ дотор нойрсогсод мөхсөн болно. Түүнээс гадна, «хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно».
6. а) Паул Есүсийн амилалтыг баталж, юу гэж хэлсэн бэ? б) «Эцсийн дайсан» гэж юү вэ, тэр нь яаж устгагдах вэ?
6 Паул Есүсийн дахин амилсныг баталдаг (1 Коринт 15:20–28). Христ үхлийн нойроор нойрсогсдоос «анхны үр жимс» тул бусад нь ч бас дахин амилах болно. Үхэл нь Адам гэгч хүний дуулгаваргүй байдлын үр дагавар бол, Есүс гэдэг хүний тусламжтайгаар дахин амилах боломжтой болдог. Есүсийн хүмүүс түүнийг залран байх үед дахин амилсан байх ёстой юм. Христ, Бурхны дээд эрх мэдлийн эсрэг байдаг «бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон», Ехова бүх дайсныг нь түүний хөл дор тавих хүртэл хаанчилна. Түүгээр ч зогсохгүй, Адамаас өвлөсөн үхэл болох «эцсийн дайсан» (ШЕ) нь Есүсийн тахилын үнэ цэнийн ачаар устгагдах болно. Тэгээд Христ Хаанчлалыг Бурхан Эцэгтээ шилжүүлэн өгөөд, «Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгний эрхшээлд» өөрөө орох юм.
Үхэгсдийн төлөө баптисм хүртсэн үү?
7. «Үхсэн болох гэж баптисм хүртсэн хүмүүс» хэн бэ? Энэ нь тэдний хувьд ямар утгатай вэ?
7 Паул дахин амилалтыг эсэргүүцдэг хүмүүсээс: «Үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? [«Үхсэн болох гэж баптисм хүртсэн хүмүүс яах вэ?», ШЕ]» гэж асуужээ (1 Коринт 15:29). Христийн шавь нар өөрсдөө үнэнийг мэдэж, итгэж, баптисм хүртэх хэрэгтэй байсан юм. Тийм болохоор Паул амьд хүмүүс үхсэн хүмүүсийн тусын тулд баптисм хүртэх хэрэгтэй гэсэн утгаар хэлэх гээгүй ажээ (Матай 28:19, 20; Үйлс 2:41). Тослогдсон христианууд үхэл ба дахин амилалт уруу нь хөтөлдөг зам дээр зогсон, «үхсэн болох гэж баптисм хүртсэн». Баптисмын энэ хэлбэр нь Бурхны сүнс тэдэнд тэнгэрийн найдвар төрүүлэн тосолсноор эхэлж, үхэшгүй мөнхийн сүнсэн бүтээл болон тэнгэрт дахин амилснаар дуусдаг (Ром 6:3–5; 8:16, 17; 1 Коринт 6:14).
8. Сатан ба түүний үйлчлэгчдийн зүгээс үхэл нүүрлэж байлаа ч христианууд юунд итгэлтэй байдаг вэ?
8 Дахин амилалтад найдах нь Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхтэй холбоотой гарах аюулыг цаг тутам сөрж, үхлийн эсрэг өдөр бүр зогсох хүчийг христиануудад өгдгийг Паулын хэлсэн үг харуулдаг (1 Коринт 15:30, 31). Хэрэв Ехова тэднийг Сатан болон түүний үйлчлэгчдийн гарт үрэгдэхийг зөвшөөрсөн бол эргээгээд амилуулж чадна гэдгийг тэд мэддэг юм. Зөвхөн Бурхан л тэдний амийг мөнхийн устгалын бэлгэдэл болох «тамд» [грекээр «гехенна»] үгүй хийж чадна (Лук 12:5).
Сэрэмжтэй байх шаардлага
9. Дахин амилалтын найдварыг амьдралынхаа түшиг тулгуур болгоё гэвэл юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
9 Паул дахин амилах найдварт түшиглэдэг байв. Ефест байхад нь дайснууд нь түүнийг араатантай тэмцэлдүүлэхээр тулалдааны талбарт хаясан байж магадгүй юм (1 Коринт 15:32). Хэрэв тийм юм болсон бол Паул арслангаас аврагдсан Даниелийн адил үхлээс мөн аврагджээ (Даниел 6:16–22; Еврей 11:32, 33). Паул дахин амилалтад найдаж байсан учраас Исаиагийн үеийн урван тэрслэгчдийнх шиг үзэл бодол түүнд байгаагүй. Тэд: «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэдэг байжээ (Исаиа 22:13). Дахин амилалтын найдварыг амьдралынхаа түшиг тулгуур болгохын тулд бид Паулын адилаар эрүүл бус бодол санаатай хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. «Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» хэмээн Паул урьдчилан сануулжээ (1 Коринт 15:33). Энэ зарчим амьдралын янз бүрийн талд хамаатай нь ойлгомжтой.
10. Дахин амилалтын найдвараа хэрхэн хэвээр хадгалж болох вэ?
10 Дахин амилалтад эргэлзсэн хүмүүст Паул: «Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурхны тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна» гэж хэлсэн (1 Коринт 15:34). Энэхүү «төгсгөлийн цаг үед» бид Бурхны тухай, Христийн тухай нарийн зөв мэдлэгийнхээ дагуу явах хэрэгтэй (Даниел 12:4, ШЕ; Иохан 17:3). Ингэснээр бид дахин амилалтын найдвараа хэвээр хадгалах боломжтой болно.
Ямар биеэр дахин амилах вэ?
11. Тослогдсон христиануудын дахин амилалтыг Паул юутай харьцуулсан бэ?
11 Паул цааш нь зарим асуултыг тайлбарлажээ (1 Коринт 15:35–41). Хэн нэг нь дахин амилалтын талаар эргэлзэж, «Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?» гэх зэргийн асуулт тавьж болох юм л даа. Паулын хэлснээр хөрсөнд тарьсан үр ургахдаа мөн чанартаа үхдэг байна. Тэгэхлээр, сүнсээр тослогдсон хүмүүс ч мөн адил үхэх ёстой аж. Үрээс соёолон ургадаг алив ургамал бол шинэ «бие» юм. Түүн лугаа адил тослогдсон христиан хүний дахин амилсан бие нь хүний махбодоос ялгаатай. Зан чанар, ухаан бодол нь үхэхээсээ өмнө ямар л байсан тэр чигээрээ үлдэх боловч тэрээр тэнгэрт амьдрах чадвар бүхий сүнсэн биетэй шинэ бүтээл болон дахин амилна. Харин дэлхий дээр дахин амилах хүмүүс махан биетэй болох нь мэдээж.
12. «Тэнгэрийн биес» болон «газрын биес» гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
12 Паулын хэлснээр хүний бие нь амьтдынхаас ялгаатай. Мөн нэгэн төрлийн амьтны бие ч өөр төрлийн амьтныхаас ялгаатай ажээ (Эхлэл 1:20–25). Сүнсэн бүтээлүүд болох «тэнгэрийн биес» нь «газрын биес» буюу махан биесээс алдраараа ялгардаг. Нар, сар, од ч өөр өөр алдартай. Гэхдээ дахин амилсан тослогдогсод илүү агуу алдартай байдаг.
13. 1 Коринт 15:42–44-ийн дагуу юу таригдаж, юу амилуулагдах вэ?
13 Паул энэ мэт ялгааг дурдаад: «Үхэгсдийн амилалт нь тийм байна» гэж хэлсэн (1 Коринт 15:42–44).Тэрбээр цааш нь: «Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана» хэмээн нэмж хэлсэн байна. Паул энд тослогдогсдыг нэгэн бүлэг болгон авч үзсэн бололтой. Энэхүү бүлэг үхэх үедээ «муудах байдал дотор таригдаж», харин нүглээс чөлөөтэй, үл муудах байдал дотор амилуулагдана. Хэдийгээр дэлхийнхэн доромжлон гутаадаг ч гэсэн христианууд тэнгэрийн амиар дахин амилж, Христтэй хамт яруу алдрын дотор илчлэгдэнэ (Үйлс 5:41; Колоссай 3:4). Үхэхдээ «төрөлх биеэр» таригдаж, харин «сүнслэг биеэр» амилуулагдана. Харин сүнсээр тослогдсон христиануудад дээрх зүйл боломжтой болох учраас бусад хүмүүс дэлхий дээрх амьдралд дахин амилна гэдэгт эргэлзэхгүй байж болно.
14. Паул, Христ Адам хоёрыг хэрхэн харьцуулсан бэ?
14 Цааш нь Паул Христийг Адамтай харьцуулсан (1 Коринт 15:45–49). Анхны хүн Адам «амьд сэтгэл [грекээр «психе»] болсон» (Эхлэл 2:7). «Сүүлчийн Адам» буюу Есүс «амь өгөгч сүнс болов». Тэрээр амиа золих тахил болгон өгсөн бөгөөд ингэхдээ юуны түрүүнд тослогдсон дагалдагч нартаа зориулсан юм (Марк 10:45). Тэд хүн байхдаа «хөрсөн хүний дүрийг өмсдөг» байсан хэдий ч дахин амилахдаа «сүүлчийн Адам» шиг болдог. Христийн тахил нь дуулгавартай бүх хүнд тэр дундаа, дэлхий дээр дахин амилсан хүмүүст сайн сайхныг өгөх нь лавтай (1 Иохан 2:1, 2).
15. Ямар учраас тослогдсон христианууд махан биеэр амилахгүй вэ? Есүсийн залран байх үеэр тэд яаж дахин амилах вэ?
15 Тослогдсон христианууд үхэхдээ махан биеэр амилдаггүй (1 Коринт 15:50–53). Мах цуснаас бүтдэг, мууддаг бие нь үл муудах байдал хийгээд тэнгэрийн Хаанчлалыг өвлөж чадахгүй. Тослогдогсдын зарим нь үхлийн нойроор удаан хугацаагаар унтах хэрэггүй болсон. Тэд Христийн залран байх үед дэлхийн замаа үнэнчээр дуусгаад, «нүд ирмэхийн зуур, нэг агшинд өөрчлөгдөх болно». Тэд үл муудах байдал хийгээд алдраар амьдрахын тулд агшин зуур сүнсэн бүтээл болон дахин амилна. Эцэст нь Христийн тэнгэрийн «сүйт бүсгүй» нь 144 000 гишүүнээс бүрдэнэ (Илчлэлт 14:1; 19:7–9; 21:9; 1 Тесалоник 4:15–17).
Үхлийг ялан дийлнэ!
16. Паул болон эртний зөнч нарын үгээр нүгэлт Адамаас өвлөсөн үхэл яах вэ?
16 Үхэл үүрд үгүй болно гэдгийг Паул баяртайгаар тунхаглажээ (1 Коринт 15:54–57). Мууддаг, үхдэг хүмүүс үл муудах ба үхэшгүйг өмсөх тэр цагт: «Тэр үхлийг мөнхөд залгина», «Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?» гэдэг үгс биелэлээ олно (Исаиа 25:8; Хосеа 13:14). Үхлийг дуудагч хатгуур нь нүгэл бөгөөд харин, нүглийн хүч нь нүгэлтнүүдийг үхлээр ялласан Хууль байсан юм. Гэвч Есүсийн золиос болон дахин амилсных нь ачаар нүгэлт Адамаас өвлөн авсан үхэл ахиж хэзээ ч ялан дийлэхгүй (Ром 5:12; 6:23).
17. 1 Коринт 15:58-ын үгийг өнөөдөр хэрхэн хэрэглэж болох вэ?
17 Паул: «Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан бай» гэж хэлжээ. Эдгээр үг нь өнөөдрийн тослогдсон үлдэгсэд болоод Есүсийн «өөр хонинуудад» хамаатай юм. Тэр байтугай, өөр хонинууд эцсийн өдрүүдэд үхсэн ч гэсэн энэ үгс тэдэнд хамаатай байх болно (Иохан 10:16, МБОХ, 1996). Хаанчлалыг тунхаглахад зориулсан тэдний хөдөлмөр үргүй хоосон болохгүй ээ. Учир нь тэд дахин амилах болно. Тиймд Еховагийн үйлчлэгчийн хувьд бүгдээрээ: «Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ?» гэж баяртайгаар хэлж чадах өдрийг хүлээн, Эзний үйл хэрэгт бялхсан байцгаая.
Дахин амилалтад найдах найдвар биелсэн!
18. Дахин амилалтад найдах Паулын найдвар хичнээн бат байсан бэ?
18 Паулын 1 Коринт 15-р бүлэгт бичсэнээс үзвэл дахин амилалтад найдах найдвар амьдралд нь хүчтэй нөлөөлсөн бололтой. Есүс үхэгсдээс дахин амилуулагдсан бөгөөд бусад хүмүүс ч хүн төрөлхтний нийтийн булшнаас чөлөөлөгдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Та ч гэсэн бас тэгж хатуу итгэдэг үү? Паул ашиг хонжооны хойноос хөөцөлдөхийн үр дүнг «хог» гэж үзсэн бөгөөд «Түүнийг [Есүсийг] болон Түүний амилалтын хүчийг таньж мэдэхийн» тулд «бүх юмсын гарз хохирлыг амссан». Элч Паул «эхэн үеийн амилуулалтад» (ШЕ) хэмээн найдан, Христийн адил үхэхэд ч бэлэн байв. Тэрчлэн үүнийг «анхны амилалт» гэж нэрлэдэг бөгөөд Есүсийн 144 000 тослогдсон шавь үүнийг хүртсэн билээ. Тийм ээ, тэд сүнсэн бүтээл болон тэнгэрийн амьдралд амилсан бөгөөд харин «үхэгсдээс үлдсэн нь» дэлхий дээр дахин амилна (Филиппой 3:8–11; Илчлэлт 7:4; 20:5, 6).
19, 20. а) Библид гардаг ямар хүмүүс дэлхий дээр дахин амилах вэ? б) Та хэнийг дахин амилаасай гэж хүлээж байна вэ?
19 Үхтэлээ үнэнч байсан тослогдогсдын хувьд дахин амилалтын найдвар гайхамшигтайгаар биелсэн (Ром 8:18; 1 Тесалоник 4:15–18; Илчлэлт 2:10). «Үлэмж их зовлонг» эсэн мэнд давагсад «тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөх, үхэл ба Үхэгсдийн орон [грекээр «хадес»] өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөх» цагт дахин амилалт дэлхий дээр хэрхэн биелэхийг үзэх болно (Илчлэлт 7:9, 13, 14; 20:13). Дэлхий дээрх амьдралд эргэн ирсэн хүмүүсийн дунд долоон хүү, гурван охиноо алдсан Иов байх болно. Тэрээр хүүхдүүдтэйгээ уулзсандаа, тэр хүүхдүүд нь бас өөр долоон эрэгтэй дүү, гурван сайхан охин дүүтэйгээ мэдээд хичнээн их баяр хөөр болохыг төсөөл дөө! (Иов 1:1, 2, 18, 19; 42:12–15).
20 Абрахам Сара, Исаак Ребека гээд өөр өчнөөн олон хүн тэр дундаа, «бүх зөнчид» дэлхийн амьдралд эргэн ирнэ гэдэг юутай сайхан ивээл вэ! (Лук 13:28, МБОХ, 1996). Тэр зөнчдийн нэг нь Мессиагийн засаглалын үед дахин амилах амлалт хүлээн авсан Даниел байсан юм. Даниел одоог хүртэл 2500 гаруй жил булшинд нойрсож буй ч дахин амилалтын ачаар тун удахгүй «хувиа хүртэхээр дахин босох» бөгөөд «бүх дэлхийн ноёдын» нэг нь болно (Даниел 12:13; Дуулал 45:16, ШЕ). Эрт цагийн үнэнч хүмүүстэй төдийгүй, үхэл хэмээгч дайсны авч одсон эцэг, эх, хүү, охин болоод бусад эрхэм хүмүүстэйгээ уулзах нь ямар баярт явдал болох бол оо!
21. Ямар учраас бусдад сайныг хийхдээ хойрго биш байх хэрэгтэй вэ?
21 Найз нөхөд, ойр дотнын маань хүмүүсээс хэн нэг нь Бурханд олон арван жил үйлчлээд, эдүгээ нас дээр гарсан байж болох юм. Нас өндөр болоод ирэхлээр амьдралд тулгарах бэрхшээлийг давахад хэцүү болдог. Тийм л үед нь анхааран халамжилж, чадлынхаа хэрээр туслах хэрэгтэй! Тэгвэл хожим үхэлд ялагдсанаас нь хойш амьдад нь тэгэх минь яав даа гэж харамсах явдалгүй болно (Номлогчийн үгс 9:11; 12:1–7; 1 Тимот 5:3, 8). Хүмүүсийн нас, нөхцөл байдлыг нь үл харгалзан хийдэг бидний сайн үйлийг Ехова мартахгүй гэдэгт итгэж болно. «Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж Паул хэлжээ (Галат 6:10; Еврей 6:10).
22. Дахин амилалтад найдах найдвар биелэхээс нааш бид ямар сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ?
22 Ехова бол «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн» билээ (2 Коринт 1:3, 4). Түүний Үг биднийг тайвшруулдаг бөгөөд эрч хүч өгдөг дахин амилалтын найдвараар бусдыг тайтгаруулахад бидэнд тусалдаг. Үхэгсэд дэлхийн амьдралд дахин амилах найдвар хэрхэн биелэхийг харах хүртлээ дахин амилалтад найддаг байсан Паулын жишээг дагацгаая. Бурхан өөрийг нь амилуулах чадалтай гэж найддаг байсан, тэгээд ч дахин амилуулагдсан Есүсийг бүр илүүтэй дууриацгаая. Удахгүй дурсамжийн булшинд байгсад Христийн дууг сонсоод гарч ирнэ. Энэ бүхэн бидэнд тайвшрал болоод баяр хөөр авчрах болтугай. Гэхдээ хамгийн гол нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан үхлийг ялах ялалтыг боломжтой болгосон Еховад талархацгаая!
Та хэрхэн хариулах вэ?
• Есүсийн дахин амилсныг нүдээр үзэгсдийн ямар гэрчлэлийг Паул иш татсан бэ?
• «Эцсийн дайсан» гэж юу вэ? Түүнийг хэрхэн устгах вэ?
• Тослогдсон христиануудын хувьд юу «таригдаж», юу «амилуулагдах» вэ?
• Библид гардаг хүмүүс дэлхийн амьдралд дахин амилахад та хэнтэй уулзахыг хүсэж байна вэ?