Еховагийн Ном ба эмх журам
«ЭЗЭН мэргэн ухаанаар газрыг бий болгож, оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ» (СУР. 3:19).
1, 2. а) Бурхан байгууллагатай гэдгийг сонсоод зарим хүн юу гэж хэлдэг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
БУРХАН байгууллагатай юу? «Нэгэнт Бурхантай өөрөө харьцдаг болсон юм чинь ямар нэгэн байгууллагаар удирдуулах хэрэг байна уу?» гэж зарим хүн хэлж магадгүй. Ингэж бодох нь зөв үү? Баримт нотолгоо юу харуулдаг вэ?
2 Ехова бүх зүйлийг эмх журамтай хийдэг бөгөөд ард түмнээ сайтар зохион байгуулдгийг энэ өгүүллээр үзнэ. Бас Еховагийн байгууллагаас заавар ирвэл хэрхэх талаар ярилцана (1 Кор. 14:33, 40). Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг сайн мэдээ дэлгэрүүлэх маш чухал ажлыг хийхдээ МЭ I зуунд ч, өнөө үед ч Судрыг удирдлага болгож ирсэн. Бурхны үйлчлэгчид Библиэр удирдуулж, байгууллагын зааврыг дагадаг учраас хурлаа цэвэр ариун, амар тайван, эв нэгдэлтэй байлгаж чаддаг.
ЕХОВА БОЛ ЭМХ ЖУРМЫН БУРХАН
3. Еховаг эмх журмын Бурхан гэдэгт та яагаад итгэдэг вэ?
3 Ехова бол эмх журмын Бурхан гэдгийг бүтээлүүд нь баталдаг. Тэрээр «мэргэн ухаанаар газрыг бий болгож, оюун ухаанаар тэнгэрийг тогтоожээ» (Сур. 3:19). Бид Бурхны «замуудын өчүүхнийг» л мэддэг (Иов 26:14). Хэдийгээр бид од гараг, галактикуудын талаар бага мэддэг ч энэ л мэдлэгийнхээ ачаар тэнгэрийн эрхэс гайхалтай эмх журамтайг хүлээн зөвшөөрдөг (Дуу. 8:3, 4). Галактик нь хэдэн сая оддын бөөгнөрөл бөгөөд тэдгээр од сансар огторгуйд эмх замбараатай орчиж хөдөлдөг. Манай нарны аймагт байдаг гаргуудыг бодоод үз дээ. Тэр гаргууд тус тусын замаар нарыг тойрон эргэхдээ од гарагсын хөдөлгөөний хуульд захирагддаг. Орчлон ертөнц дэх ийм гайхалтай эмх цэгцтэй байдлыг харахлаар «цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг» болон дэлхийг бүтээсэн Еховаг магтан алдаршуулж, дээдлэн шүтэж, түүнд үнэнч байх хүсэл төрдөг (Дуу. 136:1, 5–9).
4. Шинжлэх ухаан олон асуултын хариуг яагаад өгч чаддаггүй вэ?
4 Гараг ертөнц, манай Дэлхийн талаар маш их зүйлийг шинжлэх ухаан нээж өгсөн нь бидний амьдралд ач тусаа өгч байгаа. Гэхдээ шинжлэх ухааны хариулж чаддаггүй олон асуулт бий. Жишээлбэл орчлонт ертөнц яг яаж бий болсныг, Дэлхий гэдэг гараг дээр яагаад хүн, амьтан, ургамал амьдардгийг одон орон судлаачид хэлж чаддаггүй. Түүнээс гадна хүн төрөлхтөн яагаад мөнх амьдрах чин хүсэлтэй байдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй (Ном. 3:11). Ийм чухал асуултуудын хариуг хүмүүс яагаад мэдэхгүй байна вэ? Маш олон эрдэмтэн бурхангүй үзлийг хөхүүлэн дэмжиж, эволюцийн онолыг хүлээн зөвшөөрдөг нь нэг шалтгаан юм. Үнэндээ эдгээр асуултын хариу Еховагийн Номд бий.
5. Хүн төрөлхтөн байгалийн хуулиас хамааралтай нь юунаас харагддаг вэ?
5 Еховагийн зохиосон байгалийн хуулиуд хэзээ ч өөрчлөгддөггүй. Цахилгаанчин, слесарь, инженер, онгоцны нисгэгч, мэс засалчийн хэн нь ч бай ялгаагүй, бүгд л эдгээр хуульд түшиглэн ажлаа хийдэг. Жишээ нь мэс засалчид хүний биеийн эд эрхтнүүдийн байрлал өөрчлөгддөггүйг мэддэг учраас өвчтөний зүрхийг хаана байна гэж хайдаггүй. Бүх хүн байгалийн хуулийг хүндэтгэн дагадаг. Таталцлын хуулийг зөрчих гэж оролдвол амиа ч алдаж мэднэ!
БУРХАН ЗОХИОН БАЙГУУЛСАН
6. Ехова үйлчлэгчдээ яагаад эмх журамтай байлгахыг хүсдэг вэ?
6 Орчлонт ертөнцийн бүтэц, зохион байгуулалт үнэхээр гайхалтай. Үүнийг бодвол Ехова үйлчлэгчдээ эмх журамтай байлгахыг хүсдэг нь тодорхой. Тийм ч учраас зүг чигээ олж явахад маань тусалж Библийг өгсөн билээ. Бурхны байгууллагын тусламжгүйгээр, тогтоосон хэм хэмжээг нь баримтлахгүйгээр аз жаргалтай, зовлон шаналалгүй амьдрах аргагүй.
7. Библи ямар ном бэ?
7 Библи бол хүмүүсийн хэлдгээр еврейчүүдийн болон Христийн шашныхны ямар ч авцалдаагүй зохиолуудын түүвэр биш, харин Бурхны удирдлагаар, маш эмх цэгцтэй бичигдсэн шилдэг бүтээл юм. Библийн номууд хоорондоо нягт холбоотой. «Эхлэл»-ээс «Илчлэлт» хүртэл Библийн нэг гол сэдэв хөвөрдөг. Энэ нь амласан «үр хүүхэд» буюу Христ тэргүүтэй Хаанчлал Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөн, дэлхийн талаарх санаа зорилгыг нь гүйцэлдүүлэх тухай юм (Эхлэл 3:15; Матай 6:10; Илчлэлт 11:15-ыг уншина).
8. Израильчууд зохион байгуулалттай байсныг юу баталдаг вэ?
8 Эртний израильчууд маш сайн зохион байгуулалттай байж, Бурхны хуульд захирагддаг байв. Тухайлбал зарим эмэгтэйчүүдийг «хурлын майхны үүдэнд» үйлчлүүлдэг байжээ (Ег. 38:8). Түүнчлэн израильчууд эрэмбэ дараатайгаар хуарангаа нүүлгэж, мөргөлийн асрыг барьж, буулгадаг байв. Хожим нь Давид хаан левичүүд болон тахилчдыг сүмийн үйлчлэлд томилохдоо нарийн зохион байгуулсан (Ш.дээд 23:1–6; 24:1–3). Израильчууд Еховад дуулгавартай байсан цагтаа эмх журамтай, амар тайван, эв нэгдэлтэй байдаг байв (Д.хууль 11:26, 27; 28:1–14).
9. I зууны Христийн дагалдагчид зохион байгуулалт сайтай байсан нь юунаас харагддаг вэ?
9 Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид бас эмх журамтай, нарийн зохион байгуулалттай байв. Тэд элч нараас бүрдсэн удирдах зөвлөлийн зааврыг дагадаг байлаа (Үйлс 6:1–6). Хожим нь элч нараас гадна өөр хүмүүс удирдах зөвлөлийн гишүүн болжээ (Үйлс 15:6). Нэгдүгээр зууны удирдах зөвлөлийн гишүүд юм уу тэдэнтэй нягт хамтран ажилладаг хүмүүс Бурхны удирдлагаар захидал бичиж заавар зөвлөгөө өгдөг байв (1 Тим. 3:1–13; Тит 1:5–9). Хурлууд тэр зааврыг дагаад ямар ач тус хүртдэг байсан бол?
10. Христийн эртний дагалдагчид удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг дагаж мөрдөөд ямар үр дүнд хүрсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
10 Үйлс 16:4, 5-ыг уншина. Удирдах зөвлөлийг төлөөлөн хурлуудад эргэлт хийдэг байсан эрчүүд «Иерусалимд элч нар болон ахлагч нарын гаргасан айлдварыг сахин баримтлахыг» дамжуулдаг байв. Хурлууд тэр ёсоор нь хийдэг байсан учраас дагалдагчдын «итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв». Байгууллагын зааврыг дагах нь хэчнээн чухал байдгийг Библид бичсэн энэ түүхээс ойлгож болно.
ТА ЗААВРЫГ ДАГАДАГ УУ?
11. Бурхны байгууллагаас заавар ирвэл яах ёстой вэ?
11 Бурхны байгууллагаас заавар ирвэл Салбарын болон Орон нутгийн хорооны гишүүд, дүүрэг хариуцагчид, ахлагчид яах шаардлагатай вэ? Удирдах үүрэгтэй хүмүүст дуулгавартай бай гэсэн тушаал Еховагийн Номд бий (Д.хууль 30:16; Евр. 13:7, 17). Шүүмжлэх хандлага, тэрс үзэл санаа Бурхны байгууллагад байх ёсгүй. Эдгээр нь бидний хайр, амар тайван байдал, эв нэгдлийг бусниулдаг. Диотреф шиг хүндэтгэлгүй хандаж, үнэнч бус болохыг хэн маань ч хүсэхгүй (3 Иохан 9, 10-ыг уншина). Та өөрөөсөө «Еховад үнэнч байхыг би итгэл нэгтнүүддээ уриалдаг уу? Удирдах үүрэгтэй эрчүүдийн өгсөн заавар зөвлөгөөг хүлээн авч, алгуурлалгүй ажил хэрэг болгодог уу?» гэж асуугаарай.
12. Ахлагч, туслах үйлчлэгчдийг одоо яаж томилдог болсон бэ?
12 Удирдах Зөвлөл саяхан ямар шийдвэр гаргасныг саная. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» буланд ахлагч, туслах үйлчлэгчийг хэрхэн томилох талаар шинэчилсэн заавар нийтлэгдсэн. Тэнд нэгдүгээр зууны удирдах зөвлөл ахлагч, туслах үйлчлэгчийг томилох эрхийг явуулын ахлагчдад өгснийг дурджээ. Дүүрэг хариуцагчид энэ жишгийг дагаж 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн ийм эрхтэй болсон. Тэд нэр дэвшсэн хүмүүстэй танилцах, болж өгвөл хамт дэлгэрүүлэхийг хичээдэг. Бас гэр бүлийг нь ажигладаг (1 Тим. 3:4, 5). Дараа нь ахлагчдын зөвлөлтэй хамтран ахлагч, туслах үйлчлэгчид тавигдах шаардлагыг Библиэс нэгбүрчлэн хэлэлцдэг (1 Тим. 3:1–10, 12, 13; 1 Петр 5:1–3).
13. Ахлагчид заавар өгвөл тэднийг дэмжиж байгаагаа хэрхэн харуулах вэ?
13 Ахлагчид хурлыг хамгаалж, гишүүдэд санаа тавьдаг учраас Библийн үндэстэй заавар зөвлөгөө өгдөг. Бидний л сайн сайхны төлөө байдаг болохоор зааврыг нь дагах хэрэгтэй (1 Тим. 6:3). Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын дунд «эмх журамгүй» хүмүүс мэр сэр байжээ. Тэд «ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог» байв. Ахлагчдаас сануулга авсан ч дутагдлаа засаагүй ажээ. Хурлын гишүүд тийм хүнтэй хэрхэн харьцах ёстойг Паул бичихдээ «Тэр хүнийг онцлон анхаар. ... түүнтэй бүү нийл» гэсэн. Тийм хүнтэй нийлэхээ болих хэрэгтэй болжээ. Гэхдээ дайсан шиг харьцах ёсгүй байлаа (2 Тес. 3:11–15). Өнөөгийн ахлагчид ч бас Библийн зарчмыг зөрчиж буй хүнд туслахыг хичээдэг. Жишээлбэл итгэгч бус хүнтэй үерхдэг Гэрч байна гэж бодъё (1 Кор. 7:39). Хэрэв тэр хүн дутагдлаа засахгүй бол яах вэ? Ахлагчид илтгэл тавьж ийм үйлдэл хуралд яаж сөргөөр нөлөөлдгийг тайлбарлаж болох юм. Та тэр илтгэлийг сонсоод яах вэ? Хэний тухай ярьж байгааг нь мэдэж байвал тэр хүнтэй нийлэхээ болихоор шийдэх үү? Хэрэв тэгвэл тэр хүнд гэмээ ухаарч, дутагдлаа засахад нь тусалж буй хэрэг болно.
ЯМАГТ ЦЭВЭР АРИУН, АМАР ТАЙВАН, ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЯ
14. Хурлаа цэвэр ариун байлгахад хүн бүр яаж хувь нэмэр оруулж болох вэ?
14 Бурхны Үгэнд байдаг зааврыг дагадаг бол хурлыг цэвэр ариун байлгахад хувь нэмрээ оруулна. Эртний Коринтод болсон явдлыг авч үзье. Паул энэ хотынхонд дэлгэрүүлж үнэнийг хүлээж авахад нь олон хүнд тусалжээ. Тэндхийн «ариун хүмүүс» буюу итгэл нэгтнүүдээ маш их хайрладаг байв (1 Кор. 1:1, 2). Гэтэл тэдний нэг нь завхайрдаг болж, хурлынхан нь үүнд хүлцэнгүй хандаж байсныг мэдээд Паул ямар их гутарсан бол оо! Тэр хүнийг «Сатанд тушаах» буюу хурлаас хасах зааврыг ахлагчдад өгчээ. Хурлыг цэвэр ариун байлгахын тулд «хөрөнгийг» цэвэрлэх шаардлагатай байлаа (1 Кор. 5:1, 5–7, 12). Ахлагчид гэмшдэггүй хүнийг хурлаас хасахаар болсон бол та шийдвэрийг нь дэмжиж тэр хүнтэй Библийн зарчмын дагуу харьцах уу? Тэгдэг бол хурлыг цэвэр ариун байлгахад хувь нэмрээ оруулна. Тэр хүн гэмээ ухаараад Еховагаас өршөөл гуйж болох юм.
15. Хурлаа хэрхэн амар тайван байлгах вэ?
15 Коринтын хуралд өөр нэг асуудал гарчээ. Нэг нь нөгөөгөө шүүхэд өгсөн аж. Паул тэднээс «Яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ?» хэмээн асуусан нь бодууштай (1 Кор. 6:1–8). Өнөөдөр ч бас иймэрхүү явдал тохиолддог. Хоорондоо ажил хэргийн гэрээ байгуулсан Гэрчүүд алдагдалд орохлоороо нөгөөгөө мөнгө луйвардлаа хэмээн буруутгаж шүүхэд өгөх нь ч бий. Гэтэл Бурхны нэрийг гутааж, хурлын эв нэгдлийг эвдсэнээс эд мөнгөөр хохирсон нь дээр гэдгийг Еховагийн Ном хэлж өгдөг.[1] Ноцтой асуудал, хэрүүл маргааныг хэрхэн шийдэхийг Есүс зааж өгсөн (Матай 5:23, 24; 18:15–17-г уншина). Есүсийн заавраар явбал хурлаа амар тайван, эв нэгдэлтэй байлгахад хувь нэмэр оруулна.
16. Бурхны ард түмэн яагаад эв нэгдэлтэй байх ёстой вэ?
16 «Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» гэж Еховагийн Номд бичжээ (Дуу. 133:1). Израильчууд Бурханд дуулгавартай байх үедээ эмх журамтай, эв нэгдэлтэй байдаг байв. Ехова ирээдүйн үйлчлэгчдийнхээ талаар «Хашаан дахь хоньд ... мэт Би тэднийг хамт байлгана» хэмээн зөгнөжээ (Мика 2:12). Бас бүх үндэстнээс бүрдсэн ард түмэн нь Библийн үнэнийг сурч мэдээд эв нэгдэлтэй үйлчлэхийг зөгнөн дараах үгийг Зехариагаар бичүүлжээ. «Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» (Зеф. 3:9). Ехова Бурхнаа эв нэгдэлтэй шүтэж байгаа маань ямар их завшаан бэ!
17. Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдвэл ахлагчид яах ёстой вэ?
17 Хурлыг эв нэгдэлтэй, цэвэр ариун байлгая гэвэл ахлагчид нүгэл үйлдсэн хүний асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлагатай. Ингэхдээ хайраа илэрхийлэх ёстой. Бурхан үйлчлэгчдээ зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөр хайрлаж, буруу хэргийг нь нүдээ аниад өнгөрөөдөг юм биш гэдгийг Паул мэддэг байсан (Сур. 15:3). Тийм учраас Коринтын итгэл нэгтнүүддээ хатуу үгтэй ч хайр шингэсэн анхны захидлаа бичжээ. Хэдэн сарын дараа бичсэн хоёр дахь захидлаас нь харвал ахлагчид зааврыг нь дагасны дүнд ахиц дэвшил гарчээ. «Хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол» ахлагчид «түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засах» шаардлагатай (Гал. 6:1).
18. а) Бурхны Үгэнд байдаг зөвлөгөө I зууны хурлуудад ямар ач тустай байсан бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Бурхны өөрийнх нь Номд байдаг зөвлөгөө Коринт болон өөр янз бүрийн газрын дагалдагчдад тус болсон. Тэд зөвлөгөөг дагаад хурлаа цэвэр ариун, амар тайван, эв нэгдэлтэй байлгаж чадсан (1 Кор. 1:10; Еф. 4:11–13; 1 Петр 3:8). Үүний үрээр тэр үеийн итгэл нэгтнүүд маань Еховагийн төлөө их зүйлийг хийсэн. Паулын хэлснээр сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагджээ» (Кол. 1:23). Өнөөдөр Еховагийн ард түмэн нэг байгууллагад нэгдэж, дэлгэрүүлэх ажлыг хичээл зүтгэлтэй, зохион байгуулалттай хийж Бурхныхаа гайхамшигт санаа зорилгыг дэлхий даяар түгээж байна. Тэд Библийг эрхэмлэн дээдэлж, Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховаг магтан алдаршуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Үүнийг батлах өөр баталгааг дараагийн өгүүллээр үзье (Дуу. 71:15, 16).
^ [1] (15-р догол мөр) Итгэл нэгтнээ ямар тохиолдолд шүүхэд өгөх талаар «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 223-р хуудсан дахь зүүлтээс үзнэ үү.