Матайн бичсэн сайн мэдээ
25 Тэнгэрийн Хаант төрийг сүйт залууг угтахаар дэн аваад гарсан арван онгон бүсгүйтэй зүйрлэж болох юм. 2 Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг байжээ. 3 Мунхаг бүсгүйчүүд дэнгээ авсан боловч тос авсангүй. 4 Харин ухаалаг бүсгүйчүүд дэнгээ ч, нөөц тосоо ч авчээ. 5 Сүйт залууг саатахад бүсгүйчүүдийн нойр хүрээд унтжээ. 6 Шөнө дунд “Хүргэн ирлээ! Түүнийг угтахаар гарцгаа” гэж хашхирах дуу сонсогдоход 7 бүсгүйчүүд бүгдээрээ босож дэнгээ сэргээв. 8 Мунхаг бүсгүйчүүд ухаалаг бүсгүйчүүдээс “Бидний дэн бөхөх нь. Тосноосоо өгөөч” гэж гуйхад 9 ухаалгууд нь: “Та нарт ч, бидэнд ч хүрэхгүй болох вий. Тос зардаг хүнээс худалдаж авцгаа” гэжээ. 10 Тэднийг тос авахаар явсан хойно хүргэн ирэв. Бэлэн байсан бүсгүйчүүд хүргэнтэй хамт хурим найр болох газар ороход хаалга хаагдлаа. 11 Дараа нь нөгөө бүсгүйчүүд ирж “Биднийг оруулаач!” гэхэд 12 сүйт залуу: “Би та нарыг огт танихгүй юм байна” гэжээ.
13 Иймээс сэрэмжтэй бай. Яагаад гэвэл та нар тэр өдрийг ч, тэр цагийг ч мэдэхгүй.
14 Тэнгэрийн Хаант төрийг боолуудаа дуудаж эд хөрөнгөө хариуцуулаад холын аянд явсан хүнтэй адилтгаж болох юм. 15 Тэр хүн боолуудынхаа чадварт тааруулж нэгд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгд нь нэг талант* өгөөд аянд явжээ. 16 Таван талант авсан боол даруй явж худалдаа хийн таван талант нэмж олжээ. 17 Хоёр талант авсан боол ч мөн хоёр талант нэмж олов. 18 Харин ганц талант авсан боол явж газар ухаад эзнийхээ мөнгийг тэнд нуужээ.
19 Удаан хугацааны дараа эзэн ирээд боолуудтайгаа тооцоо хийв. 20 Таван талант авч үлдсэн боол урагш гарч “Эзэн минь ээ, та надад таван талант хариуцуулсан билээ. Би тавыг нэмж оллоо” гэж хэлээд таван талант нэмж өгчээ. 21 Эзэн нь түүнд “Сайн байна! Сайн, итгэмжит боол минь. Чи бага юманд итгэмжтэй байсан учир чамд ихийг хариуцуулъя. Эзэнтэйгээ хамт баярла” гэжээ. 22 Дараа нь хоёр талант авч үлдсэн боол урагш гарч “Эзэн минь ээ, та надад хоёр талант хариуцуулсан билээ. Би хоёрыг нэмж оллоо” гэхэд 23 эзэн нь түүнд “Сайн байна! Сайн, итгэмжит боол минь. Чи бага юманд итгэмжтэй байсан учир чамд ихийг хариуцуулъя. Эзэнтэйгээ хамт баярла” хэмээв.
24 Эцэст нь нэг талант авч үлдсэн боол урагш гарч “Эзэнтэн, та бол тариагүй байж хурааж авдаг, цайруулаагүй байж ургац авдаг нэхэл хатуу хүн гэдгийг би мэднэ. 25 Тиймээс би айсандаа таны талантыг газар нуусан юм. Мөнгө тань энэ байна” гэхэд 26 эзэн нь: “Хорон муу, залхуу боол чи намайг тариагүй байж хурааж авдаг, цайруулаагүй байж ургац авдаг нэхэл хатуу хүн гэж мэддэг гэнэ ээ? 27 Тэгвэл чи миний мөнгийг хүүтэй хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол би ирээд хүүтэй нь авах байсан.
28 Энэ боолоос талантыг нь аваад арван таланттай боолд өг. 29 Учир нь хэнд байна, түүнд нэмж өгнө. Улмаар тэр хүнийх их болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгааг нь ч авна. 30 Хэнд ч хэрэггүй энэ боолыг гадаа харанхуйд гаргаж хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирна” гэжээ.
31 Хүний Хүү сүр жавхлантайгаар, тэнгэрийн бүх элчтэйгээ ирээд цог жавхлант сэнтийдээ сууна. 32 Бүх үндэстнийг өмнөө цуглуулаад хоньчин хонь ямааг ялгадгийн адилаар хүмүүсийг ялгана. 33 Тэгээд хонийг баруун талдаа, ямааг зүүн талдаа байлгана.
34 Тэгээд Хаан баруун талд байгаа хүмүүст “Эцгийн минь ивээлийг хүртсэн та нар ирцгээ. Ертөнцийн суурь тавигдах* үеэс та нарт бэлдсэн Хаант төрийг өвлөн ав. 35 Учир нь та нар өлсөхөд минь идэх юм, цангахад минь уух юм өгсөн. Танихгүй хэр нь найрсгаар хүлээн авч, 36 өмсөх юмгүй байхад минь хувцаслаж, өвдөхөд минь асарч, шоронд байхад минь эргэсэн” гэхэд 37 шударга сайн хүмүүс: “Эзэн, өлсөж явааг тань хараад идэх юм, цангаж явааг тань хараад уух юм өгсөн маань хэзээ билээ? 38 Таныг таньдаггүй байхдаа найрсгаар хүлээн авч, өмсөх юмгүй байхад тань хувцасласан маань хэзээ билээ? 39 Өвдөхөд тань асарч, шоронд байхад тань эргэсэн маань хэзээ билээ?” гэж асууна. 40 Тэгэхэд нь Хаан: “Би та нарт батлан хэлье. Та нар энэ ах дүү нарын минь хамгийн өчүүхэнд нь ийн тусалсан бол надад тусалсан хэрэг” гэж хариулна.
41 Хаан зүүн талд байгаа хүмүүст “Надаас холд. Хараагдсан та нар, Диавол болон түүний чөтгөрүүдэд* зориулсан мөнхийн галд орно. 42 Учир нь та нар өлсөхөд минь идэх юм, цангахад минь уух юм өгөөгүй. 43 Таньдаггүй байхдаа найрсгаар хүлээж аваагүй, өмсөх юмгүй явахад минь хувцаслаагүй, шоронд өвчтэй байхад минь асраагүй” гэж хэлнэ. 44 “Эзэн, хэзээ бид таныг өлсөж, цангаж явахыг хараад туслаагүй вэ? Таньдаггүй гээд хэзээ туслаагүй вэ? Хэзээ таныг өмсөх юмгүй, өвчтэй юм уу шоронд байхыг хараад туслаагүй юм бэ?” гэж асуухад 45 Хаан: “Би та нарт батлан хэлье. Та нар энэ ах дүү нарын минь хамгийн дордод нь ийн туслаагүй бол надад туслаагүй хэрэг юм” гэж хэлнэ. 46 Энэ хүмүүс бүрмөсөн устгагдаж*, шударга сайн хүмүүс мөнх амьдарна».