Бид Еховагийнх
«Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!» (ДУУ. 33:12).
1. Ехова яагаад бүхнийг эзэмших эрхтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
БҮХ ЮМ Еховагийнх! Тэрээр «тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхнийг» эзэмшдэг (Д.хууль 10:14; Илч. 4:11). Бид бүгдээрээ Еховагийн бүтээл учраас түүний өмч билээ (Дуу. 100:3). Гэхдээ хүн төрөлхтний түүхийг үзвэл, Бурхан хэсэг хүнийг л тусгайлан сонгож ард түмнээ болгосон.
2. Ямар хүмүүсийг Еховагийн «тусгай эзэмшил» гэдэг вэ?
2 Жишээ нь, эртний Израйлд амьдарч байсан Еховагийн үнэнч үйлчлэгчдийг түүний «өмч» гэж 135-р дуулалд бичсэн байдаг (Дуу. 135: 4). Израйл биш хүмүүс ч бас Еховагийн ард түмэн буюу өмч болно гэсэн зөгнөл «Хосеа» номонд бий (Хос. 2:23). Ехова иудей биш хүмүүсийг сонгож, тэнгэрээс Христтэй хамт захирах хүмүүсийн тоонд оруулахад энэ зөгнөл биелсэн (Үйлс 10:45; Ром 9:23–26). Бурхны агуу хүчээр тослогдон тэнгэрт амьдрах найдвар өвөрлөсөн энэ хүмүүсийг «ариун үндэстэн» гэдэг. Тэд бол Еховагийн «тусгай эзэмшил» юм (1 Петр 2:9, 10). Тэгвэл дэлхийд мөнх амьдрах найдвартай үнэнч Гэрчүүдийн тухайд юу хэлж болох вэ? Ехова тэднийг ч бас «Миний сонгосон хүмүүс» гэжээ (Ис. 65:22).
3. а) Өнөөдөр ямар хүмүүс Еховатай онцгой харьцаатай байдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Тэнгэрт амьдрах найдвартай «өчүүхэн сүрэг» дэлхийд амьдрах найдвартай «өөр хоньдтой» хамт эдүгээ «нэг сүрэг» болж Еховаг шүтэж байна (Лук 12:32; Ёох. 10:16). Өөртэй нь ийм онцгой харьцаа тогтоох боломж олгосон Еховадаа бид чин сэтгэлийн угаас талархдаг. Талархлаа хэрхэн илэрхийлэхийг энэ өгүүллээр үзье.
АМЬ АМЬДРАЛАА ЕХОВАД ЗОРИУЛАХ
4. Еховад талархлаа илэрхийлэх нэг арга юу вэ? Есүс яасан бэ?
4 Еховад амь амьдралаа зориулах нь талархлаа илэрхийлэх нэг арга юм. Баптисм хүртсэнээр Еховагийн өмч болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, дуртайяа захирагдана гэдгээ олон нийтэд албан ёсоор батлан харуулдаг (Евр. 12:9). Есүс бас баптисм хүртсэн. Энэ нь «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг» гэж хэлсэн хэрэг байлаа. Уг нь тэрээр төрсөн цагаасаа л Бурханд зориулагдсан ард түмний хүү байв. Гэсэн хэдий ч Еховагийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэхэд бэлэн гэдгээ тийнхүү илэрхийлжээ (Дуу. 40:7, 8).
5, 6. а) Есүсийг баптисм хүртэхэд Ехова яасан бэ? б) Бид Еховагийнх боловч өөрт нь амь амьдралаа зориулахад яагаад баярладгийг жишээгээр тайлбарлаарай.
5 Есүсийг баптисм хүртэхэд Ехова яасан бэ? Библид «Есүс баптисм хүртээд голын уснаас гармагц тэнгэр заагдаж Бурхны агуу хүч Есүс дээр тагтаа мэт буун ирэх нь Ёоханд харагдав. Бас “Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ” гэх дуу тэнгэрээс гарав» гэж бичжээ (Мат. 3:16, 17). Есүс аль хэдийн тэнгэрийн Эцгийнхээ өмч болсон. Гэхдээ зөвхөн өөрт нь дуртайяа үйлчлэхэд бэлэн байгаагаа баталсан учраас Ехова Хүүдээ баярласан. Биднийг амь амьдралаа өөрт нь зориулахад Ехова яг ингэж баярладаг бөгөөд ивээл хишгээ хүртээнэ (Дуу. 149:4).
6 Жишээ авъя. Нэг хүн цэцэрлэгтээ гоёмсог цэцэгс тарьжээ. Тэгтэл нэг өдөр жаахан охин нь тэр цэцэгнүүдээс нэгийг нь тасдаж аваад аавдаа бэлэглэв. Уг нь аавынх нь цэцэг биз дээ? Аавынхаа юмыг аавдаа бэлэглэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аав нь охиндоо хайртай болохоор ингэж бодох ч үгүй. Харин охиныхоо хайрын илрэл болсон бэлгийг дуртайяа хүлээж авна. Охиныхоо өгсөн тэр ганцхан цэцгийг өөрийнхөө цэцэрлэгт байгаа бусад бүх цэцгээс илүү ихээр нандигнах нь эргэлзээгүй. Биднийг амь амьдралаа дуртайяа зориулахад Ехова тэгж л баярладаг (Ег. 34:14).
7. Малахи 3:16-г үзвэл, өөрт нь дуртайяа үйлчилдэг хүмүүсийн талаар Ехова ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
7 Малахи 3:16-г уншина. Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь хэр чухал болохыг бодоод үз дээ. Үнэндээ бол та эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа л Еховагийнх болсон. Тэгсэн ч гэсэн хэмжээгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрч, хүсэл таалалд нь нийцүүлж амьдрахын тулд өөрийгөө зориулахаар шийдвэл Ехова хэчнээн их баярлахыг бодоорой (Сур. 23:15). Өөрт нь дуртайяа үйлчилдэг хүмүүсийг Ехова мэддэг бөгөөд тэдний нэрийг «дурсгалын номондоо» бичдэг.
8, 9. «Дурсгалын номноос» нэрээ хасуулахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
8 Еховагийн «дурсгалын номноос» нэрээ хасуулахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Малахийн бичсэнээр, Еховагаас эмээж, «Түүний нэрийг үнэлэх» буюу нэрийнх нь тухай эргэцүүлэн бодох ёстой. Хэрэв бид Еховагаас өөр хэн нэгнийг эсвэл ямар нэгэн юмыг шүтвэл амийн номноос нэрийг маань арилгана (Ег. 32:33; Дуу. 69:28).
9 Тиймд Еховад амь амьдралаа зориулах гэдэг нь хүсэл тааллынх нь дагуу амьдрахаа амлах, баптисм хүртэх төдий зүйл биш юм. Амлах, баптисм хүртэх нь хоромхон зуурынх, харин Еховаг шүтэх нь насан туршийнх билээ. Еховагийн талд байдаг хүн амьд явах хугацаандаа үг тушаалыг нь өдөр бүр дуулгавартай биелүүлэх ёстой (1 Петр 4:1, 2).
ЕРТӨНЦИЙНХНӨӨС ЯЛГАРАХ
10. Еховад үйлчилдэг хүмүүс үйлчилдэггүй хүмүүсээс хэр зэрэг ялгарах ёстой вэ?
10 Өмнөх өгүүллээр Каин, Соломон болон израйлчуудын талаар ярилцсан билээ. Тэд бүгдээрээ Еховаг шүтдэг байсан ч чин үнэнч байж чадаагүй. Тэдэнд тохиолдсон явдлаас харвал, Еховагийнх болсон хүн зөв шударгын талд бат зогсож, бузар мууг үзэн ядах ёстой нь тодорхой байна (Ром 12:9). «Зөв шударга ба хорон муугийн хоорондох», «Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондох» ялгаа тод харагдана гэдгийг Ехова хэлсэн байдаг (Мал. 3:18).
11. Еховагийнх гэдгээ яагаад хэлэх хэрэгтэй вэ?
11 Биднийг сонгож ард түмнээ болгосон Еховад талархал илэрхийлэх өөр нэг арга бий. Еховагийн талд байгаа маань «бүх хүнд илэрхий болох» ёстой (1 Тим. 4:15; Мат. 5:16). «Еховад чин үнэнч гэдгийг минь хүмүүс мэддэг болов уу? Еховагийн Гэрч гэдгээ би хүмүүст хэлэх дуртай юу?» гэж өөрөөсөө асуугаарай. Еховагийнх гэдгээ бусдад хэлэхээсээ ичдэг бол Ехова хэчнээн их гомдох бол оо! (Дуу. 119:46; Марк 8:38-ыг уншина).
12, 13. Зарим Гэрчийг Еховагийн найз уу, ертөнцийн найз уу гэж ялгахад яагаад бэрх байдаг вэ?
12 Харамсалтай нь зарим Гэрч «энэ ертөнцийн хандлагад» автжээ. Үүнээсээ болоод Еховаг шүтдэггүй хүмүүсээс ялгарахаа больсон (1 Кор. 2:12). Тэд зөвхөн «махан биеийнхээ хүслийг дагадаг» (Эф. 2:3). Үс зүсээ янзлах, хувцас хунар өмсөхдөө даруу төлөв байхыг эрхэмлээрэй гэсэн зөвлөгөөг бид байнга сонсдог. Гэтэл зарим Гэрч зөвлөгөөг үл тоомсорлон цуглаандаа ирэхдээ хүртэл бариу, ил задгай хувцас өмсдөг. Бас үсээ хэт богиносгох юм уу этгээд загвараар засуулдаг (1 Тим. 2:9, 10). Үүний улмаас тэднийг Еховагийн найз уу, ертөнцийн найз уу гэдгийг ялгахад бэрх болжээ (Яак. 4:4).
13 Зарим Гэрч биеэ авч явах байдлаараа ертөнцийнхнөөс тэгтлээ их ялгараад байдаггүй. Жишээ нь үдэшлэг цэнгүүний үеэр Гэрч хүнд зохисгүй байдлаар бүжиглэх юм уу биеэ авч явдаг. Олон нийтийн сүлжээнд зургаа тавьж, сэтгэгдэл бичдэг нь махан биеийн хүслээ илчилж буйн шинж юм. Ингэлээ гээд ноцтой нүгэл үйлдсэн хүн шиг зэмлүүлэхгүй байх л даа. Гэхдээ биеэ зөв зохистой авч явахыг хичээж яваа итгэл нэгтнүүддээ муугаар нөлөөлж болзошгүй (1 Петр 2:11, 12-ыг уншина).
14. Үргэлж Еховагийн анд нөхөр байя гэвэл яах ёстой вэ?
14 Энэ ертөнц «махан биеийн хүсэл, нүдний хүслийг» өдөөж, «эд хөрөнгөөрөө гайхуулах» явдлыг хөхүүлэн дэмждэг (1 Ёох. 2:16). Харин бид Еховагийнх учраас «Бурхны хүсэл таалалд нийцдэггүй болон энэ ертөнцөд байдаг муу муухай бүхнийг хүсэхгүй байж, өнөө үед ухаалаг, гэм зэмгүй, Бурханд үнэнч байх ёстой» (Тит 2:12). Хэлэх ярих, идэх уух, өмсөх зүүх, ажил хийх гээд юу ч хийсэн Еховагийнх гэдэг маань хүмүүст тодорхой харагдах учиртай (1 Коринт 10:31, 32-ыг уншина).
«БИЕ БИЕЭ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ХАЙРЛАХ»
15. Итгэл нэгтнүүдээ яагаад хайрлаж энэрэх ёстой вэ?
15 Еховатай анд нөхөр болсондоо баярладаг эсэх маань итгэл нэгтнүүддээ хэрхэн ханддагаас харагдана. Тэд бас Еховагийнх шүү дээ. Үүнийг санаж явдаг бол тэднийг хайрлаж энэрнэ (1 Тес. 5:15). Есүс дагалдагчдадаа «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» хэмээн захижээ (Ёох. 13:35).
16. Мосегийн хуулиас Еховагийн талаар юу мэдэж болох вэ?
16 Хурлынхаа ах дүү нарт яаж хандах ёстойг жишээгээр тайлбарлая. Эрт үед Еховагийн сүмд цэвэр шүтлэгт зориулж тусгаарласан сав суулганууд байдаг байв. Тэдгээрийг хэрхэн арчлах, хэрэглэх тухай нарийн зааврыг Мосегийн хуульд бичсэн бөгөөд уг зааврыг зөрчсөн хүнийг цаазлах ёстой байжээ (Тоол. 1:50, 51). Ехова шүтлэгт зориулсан амьгүй юмны төлөө санаа тавьж байсан юм бол, үнэнч үйлчлэгчдийнхээ төлөө бүр ч их санаа тавих нь мэдээжийн хэрэг! Бурхан ард түмнийхээ талаар нэгэнтээ «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» хэмээн айлджээ (Зех. 2:8).
17. Ехова юуг «анхаарал тавин сонсдог» вэ?
17 Үйлчлэгчид нь бие биетэйгээ хэрхэн ярилцаж байгааг «ЭЗЭН анхаарал тавин сонссон» гэж Малахи бичсэн нь сонирхолтой (Мал. 3:16). Үнэхээр ч Ехова «хүмүүсээ мэддэг» (2 Тим. 2:19). Бидний юу хэлж, юу хийж байгааг нэг бүрчлэн мэднэ (Евр. 4:13). Итгэл нэгтэндээ таагүй хандахыг маань анзаарсан байдаг. Нөгөө талаар бие биеэ дайлж, өгөөмөр зан гаргаж, өршөөн уучилж, сайхан сэтгэлээр хандахыг ч Ехова харахгүй өнгөрдөггүй (Евр. 13:16; 1 Петр 4:8, 9).
ЕХОВА «ӨӨРИЙН АРД ТҮМНИЙГ ХАЯХГҮЙ»
18. Еховад талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?
18 Бид Еховагийнх. Ийм учраас Еховадаа талархлаа илэрхийлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Өмч нь гэдгээ хүлээн зөвшөөрч, амь амьдралаа Бурханд зориулах нь хамгийн зөв шийдвэр юм. «Хорон муу, нүгэлт үеийнхний дунд» амьдардаг ч «ертөнцөд гэрэл мэт гэрэлтэж, ... гэм зэмгүй явж» байгааг маань хүмүүс хараасай гэж бид хүсдэг (Флп. 2:15). Тийм болохоор Еховагийн үзэн яддаг бүхнээс хол байхаар шийдсэн (Яак. 4:7). Түүнээс гадна итгэл нэгтнүүдээ хайрлаж, хүндэлдэг. Яагаад гэвэл тэд ч бас Еховагийнх (Ром 12:10).
19. Ехова өөрийнхөө хүмүүст юу гэж амласан бэ?
19 «ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй» гэсэн амлалт Библид байдаг (Дуу. 94:14). Энэ нь баттай амлалт юм. Юу ч тохиолдсон Ехова бидэнтэй хамт байна. Биднийг үхсэн ч Ехова мартахгүй (Ром 8:38, 39). «Бид амьд явбал Еховагийн төлөө амьд явдаг. Үхвэл Еховагийн төлөө үхдэг. Тэгэхээр бид амьд ч бай, үхсэн ч бай, Еховагийнх юм» (Ром 14:8). Ехова нас барсан үнэнч найзуудаа амилуулна. Тэр өдрийг бид сэтгэл догдлон хүлээдэг (Мат. 22:32). Тэнгэрийн Эцэг маань бидэнд одоо ч ивээл хишгээ хүртээж байна. Библид бичсэнээр, «өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!» (Дуу. 33:12).